Мэдээлэл, харилцаа технологийн дэвшил нь өнөөгийн өдөр тутмын амьдралд асар их нөлөөлж байна. Тооцоолон бодох шийдлээр хангаж чадах техник, технологийг эзэмшсэн байх чадамжийг ямар ч ажлын байрны шаардлагын эхэнд тавьдаг болсноор барахгүй энгийн хэрэглэгчдээс ч ийм зүйлийг шаардах болжээ. Мэдээлэл, харилцааны менежментийн сургууль нь мэдээллийн технологи, хэвлэл мэдээллийн технологи болон инженерийн технологид чиглэсэн төрөл бүрийн хөтөлбөртэй.
Манай сургуулийн эрдэм шинжилгээ, сургалт-үйлчилгээний бодлогын гол агуулга нь чанартай мэргэжилтэн бэлтгэдэг уламжлал дээр тулгуурлан орчин үеийн технологийн ололтыг ашигласан сургалтын нээлттэй орчин, чанартай хөтөлбөртэй хослуулан сургалтын үйлчилгээ үзүүлэх явдал юм. Бид ажил олгогч нартайгаа байнгын харилцаа холбоотой байдаг давуу талаа ашиглан сургалтын хөтөлбөрийг ажлын байрны шаардлага, эрэлт хэрэгцээнд нийцүүлэн шинэчлэн хэрэгжүүлж, төгсөгчдийнхөө цаашдын өсөлт, мэргэшлийн хөгжлийн үндсийг бэхжүүлдэг.
Бидний олон талт сургалтын орчин, компьютерийн мэргэжлийн лаборатори болон практик туршлага зэрэг нь танхимд үзсэн онолыг лабораторийн болон практик орчинд хэрэглүүлж сурах, бодит нөхцөлд мэдлэгээ хэрэглэх боломж олгохоос гадна ажил олгогч нараас нэн тэргүүнд шаарддаг мэдлэг, ур чадвар, хандлага эзэмшүүлэхэд чиглэдэг. Цаг хугацаа, орон зайнаас үл хамааран хөтөлбөрийг бүхэлд нь болон багц хичээлийг сонгон суралцаж кредит цуглуулах боломж нээлттэй.
Үүнээс гадна харилцааны соёлтой, монгол утга зохиолын хэлээр найруулан бичих, илтгэх, зөрчилтэй нөхцөлд бусдын үзэл бодлыг хүндэтгэн зөвшилцөж удирдлагын оновчтой шийдвэр гаргах, өөртөө болон бусдын өмнө хариуцлага хүлээх чадвартай, өөрийн хөдөлмөрийг шинжлэх ухааны үндэслэлтэй зохион байгуулах дадлыг олгодог.
Тус сургууль нь “Компьютерийн ухааны тэнхим“, “Сэтгүүл зүй, медиа-технологийн тэнхим” гэсэн тэнхимүүдээс бүрддэг ба үндсэн 12 багштайгаар үйл ажиллагаа явуулж байна.