Дээшээ

Англи хэлний тэнхим



Англи хэлний тэнхим 1991 онд байгуулагдсан ХИС-ийн ууган тэнхимүүдийн нэг бөгөөд Англи хэлний багш, орчуулагчийн бакалаврын хөтөлбөрийг өдрийн болон оройн эрчимжүүлсэн хэлбэрээр хэрэгжүүлдэг. Энэхүү хөтөлбөрийг олон улсын тэр дундаа Европын олон хэлний суурь хөтөлбөрийн (Common European Framework of Reference for Languages) стандартын шаардлагад нийцүүлэн мэдлэг, чадвар, дадал олгох, хөрвөх чадвартай мэргэжилтэн бэлтгэх зорилготой уялдуулан боловсруулсан юм.

Тус тэнхим нь англи хэлний түвшинчилсэн сургалтыг А2-С1 түвшинд явуулахын зэрэгцээ Олон улсын харилцаа, Сэтгэл судлал ба бихевиоризм, Сэтгүүл зүй, Бизнесийн сургууль, Мэдээлэл Харилцаа-Менежментын сургуулийн оюутнуудад мэргэжлийн англи хэл, бизнесийн англи хэлний сургалтыг явуулж байна. Түүнчлэн, оюутнуудад олон улсын хэлний шалгалтын бэлтгэлийг хангахад туслах зорилгоор iBT TOEFL болон IELTS-ийг сургалтын хөтөлбөрт нэмж оруулан зааж байна.

Манай тэнхимээс санал болгодог дээрх хөтөлбөрүүдэд хамрагдсанаар оюутан англи хэлний онол, дадлагын өндөр мэдлэг, орчуулах ур чадвартай, хөдөлмөрийн зах зээл дээр хөрвөх чадвар бүхий мэргэжлийн дадал туршлагатай, дэлхийд хүлээн зөвшөөрөгдөх мэргэжлийн боловсрол эзэмшдэг.

Англи хэлний тэнхмийн хөтөлбөрт хамрагдсан оюутан чанартай боловсрол эзэмшихийн сацуу, багаар хамтран ажиллах, асуудал шийдвэрлэх, нэгтгэн дүгнэх болон задлан шинжлэх, асуудалд бүтээлчээр хандах, мэргэжлээрээ бие даан өсөх дадал, чадварыг эзэмшдэг билээ.

Хамт олон
 

Манай тэнхим англи хэл дээр хэл шинжлэл, уран зохиол, боловсрол судлал, орчуулга судлалын чиглэлээр сургалтын агуулга, стандарт, технологийг боловсронгуй болгох ажлыг тэргүүлэн гүйцэтгэж, сургалт, судалгаа явуулдаг 20 эрдэмтэн багштай. Үүнээс доктор /PhD/, дэд профессор 3, АНУ болон Австрали зэрэг өндөр хөгжилтэй орнуудад магистрын зэрэг хамгаалсан 9 багш байна.

Бид төгсөгчиддөө өндөр боловсрол олгохын зэрэгцээ ажлын байранд гарахад нь бэлэн байлгах тал дээр анхаарч ажилладаг. Оюутанд сурах хүсэл тэмүүлэл бий болгон төлөвшүүлэх, мэдлэгийг бүтээхэд оюутан өөрөө идэвхтэй оролцох, цаашид ажлын байран дээр бие даан хөгжих боломжийг бүрдүүлэхэд тэнхмийн багш нар анхаарч, хичээлийг сонирхолтой, үр дүнтэй зохион байгуулах, суралцагчийн сурах үйл ажиллагааг идэвхжүүлэх орчин үеийн дэвшилтэт сургалтын арга, технологийг сургалтад өргөнөөр ашиглаж байна.

Манай хамт олон ХИС-ийн “Багшийг хөгжүүлэх хөтөлбөр”-ийн хүрээнд АНУ, Англи, Австрали зэрэг улсын мэргэжлийн байгууллагуудтай хамтран багшлах боловсон хүчнээ хөгжүүлэх болон мэргэжил дээшлүүлэх сургалтад жил бүр хамруулахаас гадна ажлын байран дээр хамт олноороо хамтран суралцаж мэргэжлийн ур чадвараа тогтмол дээшлүүлдэг.

Англи хэлний багш нар өөрсдийн мэргэшсэн чиглэлээр судалгааны ажил тогтмол хийж дотоодын болон олон улсын эрдэм шинжилгээний хуралд байнга илтгэл тавьж оролцдог .

Хөтөлбөр
 

Хэрэгжүүлж буй хөтөлбөрийн нэр:

  • Англи хэлний багш - бакалавр
  • Англи хэлний орчуулагч - бакалавр
  • Англи хэлний эрчимжүүлсэн сургалт - бакалавр

Англи хэлний багш - бакалавр

Энэхүү хөтөлбөр нь боловсролын салбарт мэргэшин ажиллах, англи хэлийг гадаад хэл болгон заах мэдлэг, дадал, чадварыг оюутнуудад эзэмшүүлэх 4 жилийн хөтөлбөр юм. Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөлөөр магадлан итгэмжлэгдсэн уг хөтөлбөр нь англи хэл, заах арга зүйн өндөр ур, чадвартай багшийг бэлтгэх зорилготой. Оюутан англи хэлний С1 түвшний гүн мэдлэг эзэмшиж, онол, практикийг хослуулан, судалгаа шинжилгээ хийх төдийгүй орчин үеийн дэвшилтэт арга зүйд суралцана.

Англи хэлний орчуулагч - бакалавр

Тус хөтөлбөрт хамрагдсанаар оюутан англи хэлээр төрөл бүрийн салбарын хүрээнд аман болон бичгийн хэлбэрээр харилцах, орчуулах чадвартай болно. Оюутан нь англи хэлний бүтцийг төдийгүй хэлний нийгэм, соёл, хэл шинжлэлийн асуудлыг судална.

Tус xөтөлбөрөөр оюутан нь англи хэлний С1 - С2 буюу IELTS 6.5-8 оноотой тэнцэх түвшинд хүрнэ. Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөлөөр магадлан итгэмжлэгдсэн уг хөтөлбөр нь орчуулгын төрөл бүрийн техник, технологи ашиглан орчуулга хийх мэргэжлийн чадварыг эзэмших зорилготой оюутнуудад зориулагдсан болно. Түүнчлэн, оюутан англи, монгол хэл, соёлын онол, хэрэглээний өргөн мэдлэгтэй болно.

Англи хэлний орчуулагчийн оройн хөтөлбөр - бакалавр

Англи хэлний оройн хөтөлбөр нь бакалаврын зэргийн боловсролтой хүмүүст зориулсан 2,5 жилийн түргэвчилсэн хөтөлбөр юм. Манай энэ хөтөлбөр англи, монгол хэлнээс аман болон бичгийн орчуулга хийхэд ашиглагдах хэлний чадвар, орчуулгын арга стратеги, академик түвшний англи хэл эзэмшүүлэх зорилготой.

Төсөл
 

Англи хэлний тэнхмийн багш нар төрийн ба төрийн бус байгууллага, олон улсын байгууллага ба аж ахуйн нэгжүүдтэй хамтран хэд хэдэн төслүүдийг хэрэгжүүлсэн байна.

  • БСШУЯ ба ДАНИДА -аас санхүүжүүлсэн Багш бэлтгэх сургалтын хөтөлбөр боловсруулах төслийг 1995-1998 онд
  • БСШУЯ, Соросын Нээлттэй нийгэм хүрээлэн, Азийн Хөгжлийн Банк-аас ивээн тэтгэсэн Англи хэлний үндэсний сургагч багш бэлтгэх төсөл, 1996-2001 онд
  • БСШУЯ-ны захиалгаар ЕБС-ийн 4-11-р ангийн англи хэлний сурах бичгийн иж бүрдэл боловсруулах төсөл
  • БСШУЯ, АХБ-аас санхүүжүүлсэн “Монголын Англи хэлний боловсролыг эрчимжүүлэх багц төсөл боловсруулах” төслийг 2008-2009 онд
  • ЮНЕСКО ивээн тэтгэсэн Телевизийн сэтгүүлчдэд зориулсан гарын авлага орчуулах төслийг 2011 онд
  • Нэмэгдсэн өртгийн албан татварын шинэчилсэн хуулийн төслийн орчуулгыг 2014 онд
  • Рио Тинто Нөхөн сэргээх чанарын хэмжилзүйн төслийн орчуулгыг 2015 онд тус тус хийж гүйцэтгэжээ.
  • Фулбрайтын тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд АНУ-аас ирсэн Гадаад хэлний туслах багш нарын чиглүүлэх сургалтыг 2017 онд.