Дээшээ

Оюутан элсүүлэх журам



Оюутан элсүүлэх журам
 

НЭГ. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ

  1. БСШУЯ-аас батлан гаргасан 2013 оны 3 сарын 18-ны өдрийн А/79 тоот “Оюутан элсүүлэх журам” (БСШУЯ-ны сайдын 2016 оны 03 сарын 16-ны өдрийн А/87 тоот тушаалаар нэмэлт өөрчлөлт орсон), 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн БСШУСЯ-ны сайдын А/194 тоот тушаал (нэмэлт өөрчлөлт орсон)-уудыг үндэслэн боловсруулсан уг журмыг үндэслэн Хүмүүнлэгийн ухааны их сургууль (ХИС)-д суралцагч элсүүлэн суралцуулна.
  2. ХИС-ийн бакалаврын хөтөлбөрт элсэхээр хүсэлт гаргасан иргэнийг “бүртгүүлэгч”, элсэлтийн хяналтын тоонд багтан элсэх эрх авсан бүртгүүлэгчийг “элсэгч” гэнэ.
  3. Элсэлтийн үйл ажиллагааг ХИС-ийн элсэлтийн комисс удирдан зохион байгуулж, бүрэлдэхүүн сургууль, сургалтын алба, мэдээллийн технологийн алба зэрэг бусад алба, нэгжүүд хамтран ажиллана.
  4. Аймаг, орон нутгаас оюутан элсүүлэх ажил Монголын их, дээд сургуулиудын консорциум /МИДСК/-ын оюутан элсүүлэх журмын дагуу зохион байгуулагдана.
  5. Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээ, сургуулийн материаллаг бааз, багшлах бүрэлдэхүүний хангамж зэргийг үндэслэн ХИС-ийн Удирдах зөвлөл элсэгчийн хяналтын тоог тогтооно. Уг хяналтын тоонд багтаан суралцагч элсүүлнэ.
  6. Энэхүү журмаар өдөр, оройн хэлбэрээр бакалаврын хөтөлбөрт суралцагч элсүүлэх харилцааг зохицуулна.

ХОЁР. ЭЛСЭЛТИЙН БҮРТГЭЛ

  1. Улаанбаатар хотоос ХИС-ийн өдрийн бакалаврын хөтөлбөрт элсэхийг хүсэгчид 2019 оны 5 дугаар сарын 27-оос 2019 оны 7 дугаар сарын 1-ийг дуустал ХИС-ийн элсэлтийн цахим бүртгэлийн систем, www.elselt.humanities.mn хаяг, оройн бакалаврын хөтөлбөрт элсэхийг хүсэгч https://graduate.humanities.mn хаягаар тус тус бүртгүүлнэ.
  2. Аймаг, орон нутгаас элсэхийг хүсэгчдийн бүртгэл болон хөтөлбөр сонголтыг МИДСК зохион байгуулна. Тухайн жилийн орон нутгийн төгсөгчдийн тоог үндэслэн ХИС-ийн элсэлтийн комиссын бүрэлдэхүүн аймгуудад ажиллана.
  3. Өдрийн бакалаврын бүртгүүлэгч Боловсролын үнэлгээний төвийн системд нэвтэрдэг бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан ХИС-ийн элсэлтийн бүртгэлийн системд нэвтэрч, зааврын дагуу элсэх хүсэлтээ гаргана.
  4. Бүртгүүлэгч хувийн мэдээллээ шалгаж баталгаажуулсны дараа өөрийн элсэхийг хүссэн бүлгээ сонгон баталгаажуулна.
  5. Уг бүртгэл нь ямар нэг хураамжгүй байна.
  6. Өмнө нь дээд боловсрол эзэмшсэн иргэн хоёр дахь дээд боловсрол өдрийн хэлбэрээр эзэмших хүсэлтэй бол энэхүү журмын 2.1-д заасан хугацаанд ХИС-ийн элсэлтийн комисст өөрийн биеэр бүртгүүлнэ.

ГУРАВ. БҮРТГҮҮЛЭГЧДЭД ТАВИГДАХ ШААРДЛАГА

  1. Бүртгүүлэгч бүртгүүлэхээс өмнө энэхүү журамтай сайтар танилцах үүрэгтэй.
  2. Өдрийн бакалаврын бүртгүүлэгч нь тус журмын хавсралтад заасан хичээлээр 2017, 2018 онд элсэлтийн ерөнхий шалгалт (ЭЕШ) өгсөн эсвэл 2019 онд ЭЕШ өгөхөөр Боловсролын үнэлгээний төв /БҮТ/-д бүртгүүлсэн байна. Зөвхөн нэг батламж дахь ЭЕШ-ын оноог тооцно.
  3. Өдрийн бакалаврын бүртгүүлэгч “Монгол хэл бичгийн шалгалт”-ыг өгч тэнцсэн байна.
  4. Бүртгүүлэгч нь ХИС-ийн элсэлтийн цахим бүртгэлийн системд нэвтэрч, өөрийн хувийн мэдээлэл, цахим шуудангийн хаяг, утасны дугаараа нягталж, алдаатай мэдээлэл оруулсан бол засаж шийдвэрлүүлсэн байна. Элсэлтийн системд оруулсан мэдээлэл алдаатай байснаас элсэлттэй холбоотой мэдээллийг цаг тухайд нь авч чадаагүй бол ХИС хариуцахгүй.
  5. Хоёр дахь дээд боловсрол өдрийн хэлбэрээр эзэмших хүсэлт гаргасан иргэн гадаад, дотоодын магадлан итгэмжлэгдсэн их сургууль, дээд сургууль, коллежийг бакалаврын зэрэгтэйгээр төгссөн байна.
  6. Оройн бакалаврын хөтөлбөрт бүртгүүлэгч нь гадаад, дотоодын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийг бакалаврын зэрэгтэй, 2.0-оос дээш голч дүнтэй төгссөн байна.
  7. Хоёр дахь бакалавр болон оройн бакалаврын хөтөлбөрөөр суралцах бүртгүүлэгчийн өмнөх дипломын мэдээлэл Дээд боловсролын удирдлагын мэдээллийн системд бүртгэгдсэн байна.

ДӨРӨВ. ЭЛСЭГЧИЙГ ШАЛГАРУУЛАХ БА МЭДЭГДЭХ

Өдрийн бакалаврын хөтөлбөр:
    1. Олон улсын болон улсын чанартай мэргэжлийн олимпиадуудад I, II, III дугаар байр эзэлсэн иргэн ХИС-д элсэхээр бүртгүүлбэл жагсаалтад орохгүйгээр тухайн амжилтыг баталгаажуулах бичиг баримтыг үндэслэн шууд элсүүлнэ. Олимпиадын чиглэл нь элсэх хүсэлтэй бүлгийн шалгалттай давхцаж, ЭЕШ-ын оноо нь босго оноог давсан байна.
    2. БҮТ-өөс ЭЕШ-ын дүнг зарламагц элсэлтийн систем бүртгүүлэгчийн бүртгүүлсэн мэргэжлийн бүлэг тус бүрээр онооны жагсаалтыг гарган байр эзлүүлнэ.
    3. Бүртгүүлэгчийн оноог тооцохдоо 1-р шалгалтын оноог 70%, 2-р шалгалтын оноог 30%-аар тооцож жагсаалтыг гаргана.
    4. Бүртгүүлэгчийн 1-р шалгалтын оноо тэнцсэн тохиолдолд ерөнхий боловсролын гэрчилгээний дундаж оноог харгалзана.
    5. Хяналтын тоонд багтсан эсэхийг, бүртгэл хаагдсаны дараа тогтоосон хугацаанд элсэлтийн системээр бүртгүүлэгчид мэдээлнэ.
    6. Хоёр дахь дээд боловсрол өдрийн хэлбэрээр эзэмших хүсэлт гаргасан иргэн нь Хавсралтад заасан тухайн бүлгийн шалгалтуудаас бүрэлдэхүүн сургуулийн захирлын баталсан нэг шалгалтыг өгөх бөгөөд шалгалтыг 2019 оны 8 дугаар сарын 14-өөс 8 дугаар сарын 22-ны хооронд элсэлтийн комиссын гишүүн, бүрэлдэхүүн сургуулийн хамтарсан баг зохион байгуулах бөгөөд шалгалтад тэнцсэн иргэнд элсэх эрх үүснэ.
Оройн бакалаврын хөтөлбөр:
  1. Бүртгүүлэгч нь тус журмын Хавсралт 2-д заасан шалгалтыг цахим хэлбэрээр өгнө. Шалгалтын дүнг шалгалт авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шалгуулагчдад мэдэгдэнэ.
  2. Шалгалтыг 2019 оны 8-р сарын 14-өөс 14 хоногийн хугацаанд зохион байгуулна. Шалгалтын хуваарийг жич зарлана.

ТАВ. ЭЛСЭХ ЭРХ ОЛГОХ

    1. Элсэх эрх олгох үйл ажиллагааг бүртгэл хаагдсаны дараах өдрөөс элсэлтийн комисс зохион байгуулна.
    2. Журмын 4.1 заалтаар бүртгүүлэгч нь олимпиадад амжилт гаргасныг гэрчлэх бичиг баримтын эх хувь, тэдгээрийн хуулбарын хамт 2019 оны 7 дугаар сарын 2-оос 7 дугаар сарын 5-ны өдрийн хооронд ажлын цагаар элсэлтийн комисст авчирч, хүсэлтээ баталгаажуулна. Дурдсан хугацаанд ирээгүй тохиолдолд хөнгөлөлттэй нөхцөлөөр элсэх эрхээсээ татгалзсан гэж үзнэ.
    3. Элсэлтийн эрх олгох үйл ажиллагааг 2019 оны 7 дугаар сарын 2-оос эхлэн 7 дугаар сарын 5-ны хооронд зохион байгуулна.
    4. Хэд хэдэн бүлгийн хяналтын тоонд багтсан элсэгч нь зөвхөн нэг бүлгийг сонгох ба хяналтын тоонд багтсан бусад бүлгийн жагсаалтаас нэр нь хасагдаж, дараагийн бүртгүүлэгчийн байр нэгээр өснө.
    5. Элсэлтийн комисс “Суралцах эрхийн бичиг” олгохоос өмнө бүртгүүлэгчид “ХИС-ийн элсэлтийн журам”-ыг сайтар танилцуулж, элсэгчийн гэрээ-нд Иргэний хуулийн 16.1 дэх заалтын дагуу насанд хүрсэн бол элсэгч өөрөө, насанд хүрээгүй бол түүний эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг гарын үсэг зуруулснаар хөтөлбөр сонголтыг хийлгэнэ.
    6. Хяналтын тоонд багтсан бүртгүүлэгч элсэх эрх олгох үйл ажиллагааг зохион байгуулах хугацаанд элсэх эрхээ баталгаажуулан хөтөлбөрт сонголт хийгээгүй тохиолдолд дараагийн бүртгүүлэгчид элсэх эрх шилжинэ.
    7. Хяналтын тоонд багтсан бүртгүүлэгч элсэх эрхээ баталгаажуулахдаа дараах бичиг баримтыг бүрдүүлнэ.
Өдрийн бакалаврын хөтөлбөр:
      • Иргэний цахим үнэмлэх, хуулбарын хамт /цахим системээс авсан лавлагаа/
      • Элсэлтийн ерөнхий шалгалтын оноог баталгаажуулах баримт (Монгол хэл бичгийн шалгалт, элсэлтийн ерөнхий шалгалтын батламж)
      • Бүрэн дунд боловсролын гэрчилгээ
      • Өөрийн суралцах бэлтгэл (сурлага) авьяас чадвар, туршлага, хувийн зан чанар, хэрхэн суралцахаа илэрхийлэн бичсэн эссэ
      • 2019 оны 3х4 хэмжээтэй цээж зураг (2 хувь)
Оройн бакалаврын хөтөлбөр:
    • Иргэний цахим үнэмлэх, хуулбарын хамт /цахим системээс авсан лавлагаа/
    • Бакалаврын диплом, хавсралт, хуулбарын хамт - (Гадаадад төгссөн бол монгол хэл рүү орчуулж нотариатаар баталгаажуулсан байх)
    • 2019 оны 3х4 хэмжээний цээж зураг (2 хувь)
  1. Хоёр дахь дээд боловсрол өдрийн хэлбэрээр эзэмших эрх авсан иргэн нь өмнө нь төгссөн их, дээд сургуулийн бакалаврын зэргийн дипломын хуулбарыг нотариатаар баталгаажуулж бүрдүүлсэн байна.
  2. Хоёр дахь дээд боловсрол өдрийн хэлбэрээр эзэмших эрх авсан иргэний 5.8-д заасан баримт бичгийг үндэслэн, элсэлтийн комиссын гишүүд, бүрэлдэхүүн сургуулийн хамтарсан баг “сургалтын журмын суралцагч шилжүүлэн суралцуулах журам”-ын холбогдох заалтуудын дагуу, элсэх хүсэлт гаргасан хөтөлбөрийн зохих багц цагийг дүйцүүлэн тооцож, тохирох түвшинд элсүүлнэ.
  3. Оройн бакалаврын шалгалтад тэнцсэн бүртгүүлэгч сургалтын төлбөрөө төлснөөр элсэх эрх баталгаажна.
  4. Англи хэлний оройн бакалаврын элсэгч нь зарласан хугацаанд англи хэлний түвшин тогтоох шалгалтад хамрагдах бөгөөд хэлний түвшинг харгалзан бүлэгт хуваах бөгөөд бүлгийн мэдээллийг оюутны веб хуудсаар мэдэгдэнэ.
  5. Өдрийн бакалавраар элсэгчийн хувьд хяналтын тоонд багтсан бүртгүүлэгч 5.3-д заасан хугацаанд элсэх эрхээ баталгаажуулаагүй нөхцөлд ХИС хариуцлага хүлээхгүй.
  6. Элсэлтийн материалыг хуурамчаар бүрдүүлсэнтэй холбогдон гарах хариуцлагыг хүсэлт гаргагч буюу бүртгүүлэгч өөрөө хүлээнэ.
  7. Суралцагчид элсэх эрх олгох, элсэх эрхийг баталгаажуулахтай холбоотой маргаантай асуудлыг элсэлтийн комисс эцэслэн шийдвэрлэнэ.
  8. ХИС-ийн бакалаврын хөтөлбөрт элсэн суралцахыг хүссэн гадаадын иргэдийн асуудлыг “ХИС-ийн гадаадын иргэдийг суралцуулах журам”-аар шийдвэрлэнэ.

ЗУРГАА. БУСАД

  1. Элсэгчид нь суралцах эрхийг бусдад шилжүүлэхгүй.
  2. Энэхүү журмын 5.4-р хэсэгт зааснаар элсэгчдийн тоо 30 хүрээгүй (тухайн хөтөлбөрт) тохиолдолд 2019 оны 7-р сарын 5-ны өдөр хариу мэдэгдэх бөгөөд бакалаврын элсэгчдийн хувьд ЭЕШ-ын оноог үндэслэн ХИС-ийн бусад хөтөлбөрүүдэд элсэн суралцуулах боломжоор хангана, оройн бакалаврын элсэгчийн хувьд өөр хөтөлбөрийг санал болгоно. Элсэлтийн комисс шийдвэрийг гаргана.
  3. Элсэх эрхээ баталгаажуулсан боловч заасан хугацаанд сургалтын төлбөрөө төлж, хичээл сонголт хийгээгүй иргэдийг суралцахаас татгалзсан гэж үзэн суралцах эрхийг хүчингүйд тооцно.
  4. 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн Монгол улсын засгийн газрын тогтоолоор шинэчлэн батлагдсан Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн дагуу 19 нас хүрсэн оюутан эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг харьяа сум, дүүргийн эрүүл мэндийн даатгалын газарт төлж, баталгаажуулалт хийлгэсэн байх ёстой. www.ndaatgal.mn, https://www.legalinfo.mn/law/details/303?lawid=303
  5. Элсэх эрхээ авсан элсэгч 2019 оны 8-р сарын 13-аас эхлэн ажлын цагаар Сургалтын алба, бүрэлдэхүүн сургууль зөвлөх багшаас сургалтын үйл ажиллагаа, хичээл сонголттой холбоотой мэдээллийг авч, шинэ суралцагчид зориулсан чиглүүлэх сургалтад хуваарийн дагуу хамрагдаж, Мөн англи хэлний түвшин тогтоох шалгалтыг заасан хугацаанд өгсөн байна
  6. Цахим бүртгэл явагдаж байх үед бүртгүүлэгчдэд зөвлөгөө өгөх үйл ажиллагааг элсэлтийн бүртгэлийн систем, фэйсбүүк, утас, цахим шуудан ашиглан явуулна.
  7. Элсэлтийн комисс элсэгчийн материалыг сайтар шалгаж авч зөрчилтэй материал хүлээн авахгүй байх, элсэгчийн мэдээллийг бүртгэлд оруулахдаа алдаа гаргахгүй байх тал анхааран ажиллана.
  8. 2019 оны 7 дугаар сарын 5-аас хойш хяналтын тоонд багтаан элсэх эрх олгох үйл ажиллагааг Элсэлтийн комисс шийдвэрлэн, зохион байгуулна.
  9. Бакалаврын түвшний сургалт 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс эхэлнэ.