Дээшээ

Оройн бакалаврын хөтөлбөрт оюутан элсүүлэх журам


Оройн бакалаврын хөтөлбөрт оюутан элсүүлэх журам
 

НЭГ. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ

  1. Боловсрол, Шинжлэх Ухааны Яамнаас батлан гаргасан 2013 оны 3 сарын 18-ны өдрийн А/79 тоот “Оюутан элсүүлэх журам” /БСШУЯ-ны сайдын 2016 оны 03 сарын 16-ны өдрийн А/87 тоот тушаалаар нэмэлт өөрчлөлт орсон/-ын 1.13 дахь заалтыг үндэслэн боловсруулсан энэхүү журмыг баримтлан Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль (ХИС)-д оюутан элсүүлэх харилцааг энэхүү журмаар зохицуулна.
  2. ХИС – ийн оройн бакалаврын хөтөлбөрт элсэхээр хүсэлт гаргасан иргэнийг “бүртгүүлэгч”, элсэлтийн хяналтын тоонд багтан элсэх эрх авсан бүртгүүлэгчийг “элсэгч” гэнэ.
  3. Элсэлтийн үйл ажиллагааг ХИС-ийн элсэлтийн комисс удирдан зохион байгуулна.
  4. Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээ, сургуулийн материаллаг бааз, багшлах бүрэлдэхүүний хангамж зэргээс хамааран ХИС-ийн Удирдах зөвлөлийн хурлаар баталсан элсэгчдийн хяналтын тоонд багтаан оюутан элсүүлнэ.
  5. Энэхүү журмаар зөвхөн оройн бакалаврын хөтөлбөрт оюутан элсүүлэх харилцааг зохицуулна.

ХОЁР. ЭЛСЭЛТИЙН БҮРТГЭЛ

  1. ХИС – ийн оройн бакалаврын хөтөлбөрт элсэхийг хүсэгчид 2018 оны 5-р сарын 22 – оос 2017 оны 8-р сарын 13-ны хооронд ХИС – ийн элсэлтийн цахим бүртгэлийн систем, https://elselt.humanities.mn эсвэл биеэр ирж бүртгүүлнэ.
  2. Цахим хэлбэрээр бүртгүүлсэн иргэн нь 2018 оны 8-р сарын 13-оос 2018 оны 8-р сарын 17-ны хооронд ХИС-ийн хичээлийн 2-р байрны 403 тоот, элсэлтийн комист шаардагдах бичиг баримтыг бүрдүүлэн ирж, цахим бүртгэлийн хүсэлтийг баталгаажуулна.
  3. Бүртгэлийн хураамж 5000 төгрөг байна.
  4. Бүртгэлийн хураамжийг буцаан олгохгүй.
  5. Бүртгүүлэгч нь дараах бичиг баримтыг бүрдүүлнэ. Үүнд:
    • Иргэний үнэмлэх эсвэл түүнтэй адилтгах баримт бичиг, хуулбарын хамт
    • Бакалаврын диплом, хавсралт, хуулбарын хамт-(Гадаадад төгссөн бол монгол хэлрүү орчуулж нотариатаар батлуулсан байх)
    • Цээж зураг (сүүлийн 3 сард авахуулсан, 3x4 хэмжээтэй байх)

ГУРАВ. БҮРТГҮҮЛЭГЧДЭД ТАВИГДАХ ШААРДЛАГА

  1. Бүртгүүлэгч нь гадаад, дотоодын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийг өдрийн хэлбэрээр бакалаврын зэрэгтэй, 2.3-аас дээш голч дүнтэй төгссөн байна.
  2. Бүртгүүлэгчийн өмнөх дипломын мэдээлэл Боловсролын мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдсэн байна.
  3. Бүртгүүлэгч нь ХИС – ийн элсэлтийн цахим бүртгэлийн системд нэвтэрч, өөрийн хувийн мэдээлэл, цахим шуудангийн хаяг, утасны дугаараа заавал оруулсан байх шаардлагатай. Элсэлтийн системд оруулсан мэдээлэл алдаатай байснаас элсэлттэй холбоотой мэдээллийг цаг тухайд нь авч чадаагүй бол ХИС хариуцахгүй.
  4. Бүртгүүлэгч бүртгүүлэхээс өмнө энэхүү журамтай сайтар танилцах үүрэгтэй.

ДӨРӨВ. ЭЛСЭГЧИЙГ ШАЛГАРУУЛАХ БА МЭДЭГДЭХ

  1. Бүртгүүлэгч нь тус журмын Хавсралт 1-д заасан хичээлээр шалгалт өгнө. Шалгалтын дүнг шалгалт авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор зөвхөн тэнцсэн шалгуулагч нарт мэдэгдэнэ.
  2. Шалгалтыг 2018 оны 8-р сарын 13 - аас 14 хоногийн хугацаанд зохион байгуулна. Шалгалтын хуваарийг жич зарлана.
  3. Элсэлт авах хөтөлбөр нь нэг шалгалттай бол 100%, хоёр ба түүнээс дээш шалгалттай бол шалгалт тус бүрийг харгалзах хувийн жингээр жинэлэн, жинэлсэн дундаж оноогоор шалгуулагчдыг жагсаана.
  4. Шалгуулагчдын оноо тэнцсэн тохиолдолд өмнөх дээд боловсролын баримт бичгийн голч оноог харгалзана.

ТАВ. ЭЛСЭХ ЭРХ ОЛГОХ

  1. Шалгалтад тэнцсэн бүртгүүлэгч нь “Оюутны сургалтын төлбөрийн тооцоо хийх журам” –ын дагуу 2018 оны 08 дугаар сарын 13-24-ны хооронд эхний улирлын төлбөрийг 15 кредит цагаас доошгүй хичээлийн хөтөлбөр сонгохоор тооцож, төлбөрийг холбогдох дансанд тушаасан байна.
  2. Элсэлтийн комисс нь түрүүлж сургалтын төлбөрөө төлсөн бүртгүүлэгчийг хяналтын тоонд багтаан элсэх эрхийг олгож, элсэгчдийг баталгаажуулна. Дурдсан хугацаанд төлбөрөө төлөөгүй буюу эсвэл хяналтын тоо бүрдсэний дараа төлбөр төлсөн бүртгүүлэгчдийг элсэх хүсэлтээсээ татгалзсан гэж үзнэ.
  3. Англи хэлний оройн бакалаврын хөтөлбөрт элсэгч нь 2018 оны 8 дугаар сарын 17-оос 24-ний өдрүүдэд түвшин тогтоох шалгалтад хамрагдана.
  4. Англи хэлний оройн бакалаврын хөтөлбөрт элсэгчийн хэлний түвшинг харгалзан бүлгийн дугаар, хичээл орох багшийг 2018.08.27-ны өдөр оюутны вебээр зарлана.
  5. Элсэлтийн материалыг хуурамчаар бүрдүүлсэнтэй холбогдон гарах хариуцлагыг бүртгүүлэгч өөрөө хүлээнэ.
  6. Элсэх эрх олгох, эрхийг баталгаажуулахтай холбоотой маргаантай асуудлыг элсэлтийн комисс эцэслэн шийдвэрлэнэ.
  7. ХИС – ийн оройн бакалаврын хөтөлбөрт элсэн суралцахыг хүссэн гадаадын иргэдийн асуудлыг “ХИС – ийн гадаадын иргэдийг суралцуулах журам” – аар шийдвэрлэнэ.
  8. Элсэгч 2018.08.17-2017.08.24-ний өдрүүдэд ажлын цагаар Сургалт, судалгааны хөгжил, аудитын үйлчилгээний албанд өөрийн биеэр ирж бүртгүүлнэ. Бүртгүүлэхдээ дараах бичиг баримтыг бүрдүүлнэ. Үүнд:
    • Анкет (тус албанаас авч бөглөх)
    • Сургалтын төлбөр төлсөн баримт

ЗУРГАА. БУСАД

  1. Суралцах эрхийг бусдад шилжүүлэхгүй.
  2. Тухайн хөтөлбөрт элсэгчийн тоо 30 хүрээгүй тохиолдолд 2018 оны 8-р сарын 13, 14-ний өдрүүдэд хариу мэдэгдэх бөгөөд тухайн элсэгчдийн хүсэлтийг үндэслэн ХИС-ийн бусад оройн бакалаврын хөтөлбөрүүдэд элсэн суралцуулах боломжоор хангана.
  3. Элсэх эрхээ баталгаажуулсан боловч журмын 5.7 заагдсан бүрдүүлэх материалаа заасан хугацаанд авч ирээгүй иргэдийг суралцахаас татгалзсан гэж үзэн суралцах эрхийг хүчингүйд тооцно.
  4. Цахим бүртгэл явагдаж байх үед бүртгүүлэгчдэд зөвлөгөө өгөх үйл ажиллагааг элсэлтийн бүртгэлийн систем, фейсбүүк, утас, цахим шуудан ашиглан явуулна.
  5. Бакалаврын оройн сургалтын хичээл 2018.09.01 –ний өдрөөс эхэлнэ.

 

Та элсэлтийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг - https://elselt.humanities.mn хаягаар болон 77111500 дугаараас авна уу.