Дээшээ

Магистр, докторын хөтөлбөрт суралцагч элсүүлэх журам



НЭГ. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ

  1. ХИС-ийн магистр, докторын хөтөлбөрт суралцагч элсүүлэхэд Дээд боловсролын тухай хууль, БШУ-ны сайдын 2014 оны А/370 дугаар тушаалаар баталсан “Магистр, докторын сургалт эрхлэх нийтлэг журам”, 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн БСШУСЯ-ны сайдын А/194 тоот тушаал, ХИС-ийн “Дээд боловсролын зэрэг олгох сургалтын журам”-ыг үндэслэн боловсруулсан энэхүү журмыг баримтлан Хүмүүнлэгийн ухааны их сургууль (ХИС)-д суралцагч элсүүлэн суралцуулна.
  2. ХИС-ийн магистр, докторын хөтөлбөрт элсэхээр бүртгүүлэгч, элсэгч болон элсэлтийн комиссын үйл ажиллагааг зохицуулахад энэ журмын зорилго оршино.
  3. ХИС-ийн магистр, докторын хөтөлбөрт элсэхээр хүсэлт гаргасан иргэнийг “бүртгүүлэгч”, элсэлтийн шалгалт өгч элсэх болзол хангасан бүртгүүлэгчийг “элсэгч” гэнэ.
  4. Бүртгүүлэгч бүртгүүлэхээс өмнө энэхүү журамтай танилцах үүрэгтэй.
  5. Энэхүү журам болон элсэлттэй холбоотой нэмэлт мэдээллийг elselt.humanities.mn цахим хуудсанд байрлуулна.
  6. Элсэлт авах хөтөлбөр, элсэлтийн бүртгэлийн дэс дараалал, элсэлтийн шалгалтын хуваарь болон бусад мэдээллийг ХИС-ийн humanities.mn мэдээллийн цахим сайт, graduate.humanities.mn элсэлтийн бүртгэлийн сайт, хичээлийн байрны мэдээллийн самбар болон өдөр тутмын сонинуудад байршуулна.
  7. Өмнө эзэмшсэнээс өөр чиглэлээр магистр, докторын зэргийн хөтөлбөрт суралцахыг хүссэн элсэгчид сургалтын агуулгын залгамж, чанарыг хангахад шаардагдах зөрүү хичээлийг мэргэжлийн тэнхимийн санал, зөвшөөрөл дээр үндэслэн судална. Эдгээр хичээлийн багц цагийг магистр/докторын зэрэг олгох үндсэн ачаалалд тооцохгүй.
  8. ХИС-д элсэхийг хүссэн гадаадын харьяат иргэний “ХИС-д гадаадын иргэн суралцулах журам”-аар зохицуулна.
  9. Энэхүү журмаар зохицуулагдахгүй асуудлыг ХИС-ийн захирлын тушаалаар байгуулагдсан элсэлтийн комисс шийдвэрлэнэ.

ХОЁР. БҮРТГҮҮЛЭГЧДЭД ТАВИГДАХ ШААРДЛАГА

  1. Магистрын хөтөлбөрт тодорхой мэргэжлээр бакалаврын зэрэгтэй, үнэлгээний голч дүн 2.0 болон түүнээс дээш, докторын хөтөлбөрт тодорхой чиглэлээр судалгааны ажил гүйцэтгэж байсан туршлагатай, магистрын зэрэгтэй, үнэлгээний голч дүн 3.0 болон түүнээс дээш иргэнийг элсүүлнэ.
  2. Бүртгүүлэгч нь системд өөрийн гар утасны дугаар, цахим шуудангийн хаягийг заавал бүртгүүлэх бөгөөд энэ мэдээллийн үнэн зөв оруулсан байдлыг бүртгүүлэгч өөрөө хариуцна.

ГУРАВ. ЭЛСЭЛТИЙН БҮРТГЭЛ

  1. 2019-2020 оны хичээлийн жилд хавсралт-1-д заасан хөтөлбөрүүдээр элсэлт авна
  2. Элсэлтийн бүртгэлийг цахим хэлбэрээр graduate.humanities.mn болон биеэр ирж бүртгүүлэх хэлбэрээр зохион байгуулна.
  3. Бүртгүүлэгч нь 5-р сарын 27-оос эхлэн цахим хэлбэрээр бүртгүүлнэ. Өвлийн элсэлтээр бүртгүүлэгчдийн хувьд бүртгэлийн хугацааг ХИС-ийн цахим хаягаар зарлана.
  4. Цахим хэлбэрээр бүртгүүлсэн иргэн шаардагдах бичиг баримтыг бүрдүүлэн ХИС-ийн хичээлийн 1-р байрны 301 тоот танхимд биеэр ирж цахим бүртгэлийг баталгаажуулна.
  5. Бүртгүүлэгч нь дараах материалыг бүрдүүлнэ. Үүнд:
    Магистрын хөтөлбөрөөр:
    • Иргэний үнэмлэх эсвэл түүнтэй адилтгах баримт бичиг, хуулбарын хамт
    • Бакалаврын диплом, хавсралт, хуулбарын хамт
    • Цээж зураг (сүүлийн 3 сард авахуулсан, 3x4 хэмжээтэй байх)
    Докторын хөтөлбөрөөр:
    • Иргэний үнэмлэх эсвэл түүнтэй адилтгах баримт бичиг, хуулбарын хамт
    • Бакалавр болон магистрын диплом, хавсралт, хуулбарын хамт
    • Цээж зураг (сүүлийн 3 сард авахуулсан, 3x4 хэмжээтэй байх)
    • Бүтээлийн жагсаалт

ДӨРӨВ. ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТ

  1. Бүртгүүлэгч нь бакалаврын зэргийн боловсролоо ХИС-д эзэмшиж 3.5-аас дээш голчтой төгссөн бол тухайн мэргэжлээрээ магистрын хөтөлбөрт шалгалтгүйгээр элсэнэ.
  2. ХИС-д бакалаврын хөтөлбөрт суралцагч нь мэргэжлийн тэнхимийн тавьсан шаардлагыг хангасан, голч дүн нь 3.5-аас дээш бол төгсөх курсдээ магистрын хөтөлбөрт давхар элсэн суралцаж болно.
  3. Бүртгэл баталгаажиж дууссаны дараа магистрт бүртгүүлэгч нь тухайн хөтөлбөрийн түвшин тогтоох шалгалтыг цахим хэлбэрээр заавал өгсөн байна.
  4. Докторын элсэгчдийн элсэлтийн шалгалтыг эрдэм шинжилгээний бүтээлүүд, судалгааны ажлын үр дүн, туршлагыг харгалзан тооцно.
  5. Тухайн элсэх мэргэжлээр бакалаврын зэрэг хамгаалсан, 3.0-оос дээш голч дүнтэй бүртгүүлэгчийг элсэлтийн шалгалтаас чөлөөлнө.
  6. Шалгалт авах өдөр, цаг, байр, шалгалтын талаарх мэдээллийг бүртгэлийн хугацаанд graduate.humanities.mn цахим хуудсанд байршуулна.
  7. Шалгуулагчдад шалгалтын дүнг бүртгэлийн системээр мэдэгдэнэ.

ТАВ. ЭЛСЭГЧИЙГ ШАЛГАРУУЛАХ БА МЭДЭГДЭХ

  1. Бүртгүүлэгчдийг бакалаврын дипломын голч дүн, шалгалтын оноогоор жагсаан хяналтын тоонд багтаан элсүүлнэ. Хяналтын тоог салбар сургуулиуд элсэлтийн комисстой хамтран шийдвэрлэнэ.
  2. Шалгалтанд тэнцсэн эсэхийг шалгуулагчид ХИС-ийн бүртгэлийн системээр мэдэгдэнэ.

ЗУРГАА. БУСАД

  1. Элсэх болзол хангасан боловч заасан хугацаанд ирж бүртгүүлээгүй /суралцах гэрээ байгуулаагүй/ хүнийг суралцахаас татгалзсан гэж үзэн элсэх эрхийг хүчингүйд тооцно.
  2. Элссэн суралцахаар болсон магистрант, докторант нь сургалтад хамрагдаагүй тохиолдолд тухайн хичээлийн жилийн 2 улирлын хугацаанд суралцах эрх нь хүчинтэй байна.
  3. Элсэх эрх авсан боловч анги бүрдээгүй тохиолдолд элсэгчдэд бусад ойролцоо хөтөлбөрийг санал болгоно.
  4. Биеэр болон цахим хэлбэрээр бүртгэл явагдаж байх үед ХИС – ийн салбар сургуулиуд санал болгож буй хөтөлбөрүүдээ танилцуулах, зөвлөгөө өгөх үйл ажиллагааг утас, цахим шуудангаар зохион байгуулна.