Дээшээ

Сургалтын төлбөр тооцооны журам


Нэг. Ерөнхий зүйл
 

1.1. Энэхүү журмын зорилго нь Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль /цаашид ХИС гэх/-ийн бүх түвшин болон бүх хэлбэрийн сургалт, бусад төлбөр тооцооны нийтлэг харилцааг зохицуулахад оршино.

1.2. Сургалтад шинээр элсэгч, суралцаж буй суралцагч /цаашид “идэвхтэй төлөвийн суралцагч” гэх/, жилийн чөлөө, шилжилт хөдөлгөөнөөс үргэлжлүүлэн суралцагч, сургалтын үйл ажиллагаанд оролцогч алба нэгж, албан тушаалтнууд энэхүү журмыг баримтална.

Хоёр. Сургалтын төлбөрийн мэдээллээр хангах
 

2.1. Тухайн хичээлийн жилийн сургалтын нэг багц цаг буюу кредитийн үнэлгээг инфляци, зах зээлийн үнийн судалгаа, зардлын төсвийг харгалзан шинэчилж өмнөх хичээлийн жилийн эцэст, жил бүрийн 06 дугаар сарын 15-ны өдрийн дотор Удирдах зөвлөлийн хурлаар тогтоон нийтэд мэдэгдэнэ.

2.2. Суралцагчдын сургалтын төлбөр төлөх заавар, дансны мэдээллийг Санхүүгийн албанаас бэлтгэж, Мэдээллийн технологийн алба, Сургалтын албатай хамтран сургуулийн вэб болон багш, оюутны вэб-д ил тод байршуулна.

2.3. Элсэлтийн комисс, Сургалтын алба, Санхүүгийн албаны ажилтнууд элсэгчдэд энэхүү журмыг урьдчилан танилцуулж төлбөр тооцооны талаар маргаан үүсэхгүй байх нөхцөлийг бүрдүүлнэ.

2.4. Сургалтын албаны ажилтан шинээр оюутан бүртгэхдээ холбогдох бичиг баримтуудыг хүлээн авч хадгална.

Гурав.Сургалтын төлбөр тооцох нөхцөл
 

3.1. Шинээр элсэгчид

3.1.1. ХИС-д шинээр элсэгч “Суралцах эрхийн бичиг” авахдаа суралцагчийн гэрээнд гарын үсэг зурж хөтөлбөр сонголтыг хийх бөгөөд гэрээнд заасан хугацаанд сургалтын төлбөрийг төлнө. Сургалтын төлбөрт элсэлтийн үйл ажиллагаатай холбогдох зардал шингэсэн тул нэмэлт төлбөр авахгүй.

3.1.2. Хэрэв сургалтаас татгалзаж “Суралцах эрхийн бичиг”-ийг хүчингүй болговол элсэлтийн үйл ажиллагаатай холбогдох үйлчилгээний хураамж 50000 төгрөг төлж, гэрээг цуцлан бичиг баримтуудыг буцаан авна.

3.1.3. Шинээр элсэгч зохих дансанд сургалтын төлбөр төлөх гүйлгээ хийхдээ өөрийн регистрийн дугаар, оюутны кодыг алдаагүй бичнэ. Энэ тохиолдолд “OneMIS”-д автоматаар бүртгэгдэнэ.

3.1.4. Банкны гүйлгээ саатсан буюу, гүйгээний мэдээлэл алдаатай шивэгдсэн зэргээс хамаарч дансанд байршуулсан төлбөрийн мэдээлэл “OneMIS”-д бүртгэгдээгүй бол Санхүүгийн албанд хандана. Санхүүгийн албаны ажилтан гүйлгээг хянаж тодруулан “OneMIS”-д төлбөр төлөлтийг баталгаажуулна.

3.1.5. Дансанд байршуулсан сургалтын төлбөр нь “OneMIS”-д баталгаажсан шинээр элсэгч сургалтын албанд бүртгүүлж, ганцаарчилсан төлөвлөгөөг зөвлөх багшаар хянуулж батлуулан “OneMIS”-д эхний улирлын хичээл сонголтоо бүрэн хийнэ.

3.1.6. Суралцагч ганцаарчилсан төлөвлөгөөнд эхний улиралд судлахаар баталгаажсан багц цагийг нэг кредитийн үнэлгээгээр үржүүлэн тооцож сургалтын төлбөрийг санхүүгийн албанаас хуваарилсан дансанд урьдчилан байршуулна.

3.1.7. Сургалтын төлбөрийг хичээлийн жилээр тооцож урьдчилан байршуулж болно.

3.1.8. Боловсролын зээлийн сангаас санхүүжигдэх буцалтгүй тусламжийн гэрээгээр суралцах нөхцлийг хангасан болон, оюутны хөгжлийн зээлийн квотод багтсан суралцагч, холбогдох материалыг бүрдүүлэн сургалтын албанд хүлээлгэн өгч баталгаажуулснаар хичээл сонголт хийх боломжтой.

3.2. Идэвхтэй төлөвийн суралцагч

3.2.1. Идэвхтэй төлөвийн суралцагч тухайн хичээлийн жил, улиралд ганцаарчилсан төлөвлөгөөндөө тусгагдсан нийт кредитийг тухайн хичээлийн жилийн нэг кредитийн үнэлгээгээр үржүүлж, сургалтын хуанлид заасан хугацаанд, холбогдох дансанд сургалтын төлбөрөө урьдчилан байршуулна.

3.2.2. Идэвхтэй төлөвийн суралцагч өөрийн ганцаарчилсан төлөвлөгөөнд тусгагдсан хичээлүүдийг бүрэн сонгож, сургалтын албаны ажилтнаар баталгаажуулснаар тухайн улиралд судлах хичээлүүд тодорхой болно. Мөн тухайн хичээлийг судлах оюутны тоо тодорхой болно.

3.2.3. Хичээл сонголтыг үндэслэн хичээлийн хуваарь, багшийн цагийн ачаалал тооцогдох тул баталгаажсан оюутан хувийн шалтгаанаар тухайн хичээлд суугаагүй ч түүнийг суралцсан гэж үзэж сургалтын төлбөр тооцогдоно.

3.2.4. Сургалтын төлбөрөө төлсөн идэвхтэй төлөвийн суралцагч өөрийн ганцаарчилсан төлөвлөгөөнд тусгагдсан хичээл сонголтоо хийж баталгаажуулсны дараа уг хичээлд хамрагдах нөхцөл бүрдэнэ.

3.3. Шилжилт хөдөлгөөн хийсэн оюутнууд

3.3.1. Шилжин ирсэн буюу жилийн чөлөөнөөс үргэлжлүүлэн суралцах суралцагчийг тухайн хичээлийн жилд “Дээд боловсролын зэрэг олгох сургалтын журмын” 16.3-ыг үндэслэн суралцах түвшнийг захирлын тушаалаар баталгаажуулсан байх бөгөөд сургалтын төлбөрийг тооцохдоо судлах хичээлийн кредитийг суралцах түвшний нэг кредитийн үнэлгээгээр тооцно.

3.3.2. 2012 оноос өмнөх С-дипломтой төгсөгчид үргэлжлүүлэн бакалаврын зэргийн сургалтад суралцах тохиолдолд судлах хичээлийн кредитийг тухайн хичээлийн жилийн 1-р түвшний суралцагчийн нэг кредитийн үнээр тооцно.

3.3.3. Суралцагч мэргэжлээ сольсон тохиолдолд шилжин суралцаж буй мэргэжил, түвшний тухайн жилийн нэг кредитийн үнэлгээгээр сургалтын төлбөрийг тооцно.

Дөрөв. Сургалтын төлбөрийн бүртгэл, тооцоо
 

4.1. Сургалтын төлбөр төлөх

4.1.1. Санхүүгийн албаны ажилтан харилцах дансны гүйлгээг хянаж, суралцагч бүрээр үндсэн сургалтын төлбөрийг, дотуур байр, шууд тооцох шалгалт, бусад төлбөрөөс салгаж, зориулалт бүрээр ангилан “OneMIS”-д” баталгаажуулан, тухайн суралцагчийн хичээл сонголт хийх нөхцөлийг бүрдүүлнэ.

4.1.2. Суралцагч төлбөр төлөхтэй холбоотой мэдээлэл, холбогдох зааврыг Оюутны вэбийн “Төлбөрийн мэдээлэл” хэсгээс авч, банкинд тушаасан мөнгөний гүйлгээг хянах боломжтой. Зааврын дагуу гүйлгээ хийгдсэн тохиолдолд гүйлгээний бичлэг автоматаар шивэгдэнэ. Хэрвээ “Төлбөрийн мэдээлэл” –ийн хэсэгт гүйлгээний бичлэг орж ирээгүй тохиолдолд суралцагч Санхүүгийн албанд төлбөр төлсөн баримттай ирж, төлбөрийн мэдээллийг шалгуулж, гүйлгээг баталгаажуулна.

4.1.3 Суралцагч сургалтын төлбөрөө төлсөн тохиолдолд баримтын мэдээлэл суралцагч бүрийн ВЭБ-д автоматаар илгээгдэн суралцагч өөрөө Татварын “Е БАРИМТ”-ын программд байгууллага, буюу хувь хүнээр аль нь болохыг сонгон илгээж, хэвлэн авах боломжтой тул санхүүгийн албанд ирж Е баримт хэвлүүлж авах шаардлагагүй.

4.1.4 Суралцагч ВЭБ-ээсээ Татварын “Е БАРИМТ”-ын програмд илгээгээгүй ажлын 5 өдөр болсон бол санхүүгийн албанаас хувь хүнээр сонгож илгээнэ.

4.1.5 Сургалтын төлбөрийг хичээлийн жилээр урьдчилан дансанд байршуулсан тохиолдолд Санхүүгийн алба илүү төлөлтийг сургалтын төлбөрийн урьдчилж орсон орлогод тооцож бүртгэнэ. Илүү төлөлт суралцагч бүрээр “OneMIS”-д” харагдах бөгөөд дараагийн улирлын хичээл сонголт хийхэд тооцуулна.

4.2. Сургалтын төлбөрийн хөнгөлөлт

4.2.1. Бакалаврын өдрийн сургалтын ЭЕШ-ын суурь 2 шалгалтын 1280 буюу түүнээс дээш хэмжээст оноотой шинээр элсэгч /цаашид “ЭЕШ-ын өндөр оноотой элсэгч” гэх/, чанарын сайн үзүүлэлттэй суралцаж буй оюутанд сургалтын төлбөрийн хөнгөлөлт үзүүлнэ.

4.2.2. ЭЕШ-ын өндөр оноотой элсэгчдэд суурь шалгалтын хэмжээст /шалгалт 1, шалгалт 2-ын нийлбэр/ оноо нь 1280-1339 бол 20 хувийн, 1340-1399 бол 40 хувийн, 1400-1439 бол 60 хувийн, 1440-1499 бол 80 хувийн, 1500-1600 бол 100 хувийн хөнгөлөлтийг шинээр элссэн хичээлийн 1-р улиралд тус тус үзүүлнэ.

4.2.3. Бакалаврын өдрийн хэлбэрээр чанарын сайн үзүүлэлттэй суралцаж буй оюутан дараагийн улиралд сонгосон үндсэн мэргэжлийн хичээлүүдийн сургалтын төлбөр төлөхдөө үндсэн мэргэжлийн хичээлүүдийн суралцсан хугацааны голч дүн нь 3.9-4.0 бол 10 хувийн; 3.8-3.89 бол 8 хувийн; 3.7-3.79 бол 6 хувийн; 3.6-3.69 бол 4 хувийн хөнгөлөлтийг тус тус эдэлнэ.

4.2.4. Өдрийн бакалаврын сургалтын оюутнууд ганцаарчилсан төлөвлөгөөндөө үндсэн мэргэжлийн хичээлээс гадна өөр мэргэжлийн хичээл нэмэлтээр сонгосон тохиолдолд нэмэлт хичээлүүдэд 4.2.3 дахь заалтын хөнгөлөлт үзүүлэхгүй.

4.2.5. Өдрийн бакалаврын сургалтын оюутан сургуулийн урилгаар магистртантурт суралцсан тохиолдолд магистрын хөтөлбөрийн хичээлүүдийн кредитийн үнэнд хөнгөлөлт үзүүлнэ.

4.2.6. Сургалтын төлбөрийн хөнгөлөлтийг эдлэхийн тулд “Дээд боловсролын зэрэг олгох сургалтын журам”-ын 6.5; 10.1-р заалтын дагуу өмнөх улиралдаа 15-аас багагүй багц цагийн хичээлийн сонголт хийж суралцах нөхцөлүүдийг хангасан байна.

4.2.7. Оюутан суралцах хугацаандаа жилийн чөлөө авах, завсардах, төлбөр тооцооны журам, төлбөр төлөх гэрээний заалтуудыг зөрчиж байсан тохиолдолд сонгосон кредитийн төлбөрийн хөнгөлөлт эдлэхгүй.

4.2.8. Хэрэв 4.2.7. дахь заалтын нөхцөлөөр сургалтын төлбөрийн хөнгөлөлтөд хамрагдаж чадаагүй оюутан үргэлжлүүлэн 4 улирал дараалан суралцсан бол 4.2.3 дахь заалтын дагуу хөнгөлөлт эдэлж болно.

4.2.9. Оюутны сургалтын төлбөрийн хөнгөлөлтийг “OneMIS” автоматаар бодож, дараагийн улирлын сонголтын төлбөрт зохих хувийн хөнгөлөлтийг хасч тооцно. Оюутан суралцсан улирал бүрийн хөнгөлөлтийг хянах боломжтой.

4.2.10. Энэхүү журмын заалтуудыг мөрдлөг болгож, тасралтгүй хөнгөлөлт эдэлсэн төгсөгч сүүлийн улирлын хөнгөлөлтийн хувьтай тэнцэх мөнгийг дараагийн шатны сургалтандаа үргэлжлүүлэн тооцуулж болно. Хэрэв хөнгөлөлтийн хувьтай тэнцэх мөнгийг авах тохиолдолд хүсэлт гаргасан өргөдөл, боловсролын зэрэг олгосон дипломын хуулбарыг үндэслэж, тухайн төгсөгчийн нэр дээрх аль нэг банкны харилцах дансанд шилжүүлэн олгоно.

4.3. Суралцагсдад үйлчилгээ үзүүлснээр үүсэх төлбөр тооцоо

4.3.1 Суралцах гэрээ байгуулан оюутнаар бүртгүүлж захирлын тушаалаар баталгаажсан оюутан өөрийн хүсэлтээр сургуулиас гарах тохиолдолд сургуулийн захиргаанд бичгээр хүсэлт гарган, тойрох хуудас зуруулна. Сургуультай холбогдох тооцоогүй болохыг баталгаажуулсныг үндэслэн, захирлын тушаалаар сургуулиас чөлөөлнө.

4.3.2 Хичээл эхэлснээс хойш сургуулиас гарах хүсэлт гаргасан тохиолдолд, сургалтын албанд бичгээр хүсэлт гаргасан өдөр хүртэлх хугацааг суралцсанаар тооцож сургалтын төлбөрийн тооцоог хийнэ.

4.3.3 Сургуулиас гарсан тохиолдолд урьдчилж төлсөн сургалтын төлбөрийг буцаан авах хүсэлтийг санхүүгийн албанд ирүүлж дараах байдлаар шийдвэрлүүлнэ.

4.3.3.1 Шинээр элссэн суралцагч хичээлийн жилийн намрын улирал эхлэхээс өмнө бичгээр хүсэлт гаргасан, тухайн улирлын хичээл сонголт хийгээгүй тохиолдолд энэхүү журмын 3.1.2-д заасан төлбөрийг урьдчилж төлсөн сургалтын төлбөрөөс суутгуулан тооцож үлдсэн төлбөрийг 100% буцааж авна.

4.3.3.2 Шинээр элссэн суралцагч хичээлийн жилийн улирал эхлэхээс өмнө бичгээр хүсэлт гаргасан, намрын улирлын хичээл сонголт хийсэн бол сонгосон кредитийн төлбөрийн 90%-ийг, илүү төлсөн төлбөрийг 100% буцааж олгоно.

4.3.3.3 Идэвхтэй суралцаж буй суралцагч хичээлийн жилийн улирал эхлэхээс өмнө бичгээр хүсэлт гаргасан, тухайн улирлын хичээл сонголт хийгээгүй тохиолдолд урьдчилж сургалтын төлбөр төлсөн бол төлбөрийг 100% буцааж олгоно.

4.3.3.4 Хичээлийн жилийн улирал эхэлснээс хойш бичгээр хүсэлт гаргасан, хичээл сонголт хийсэн тохиолдолд суралцсан хугацааны төлбөрийг суутгуулан, тухайн улирлын суралцаагүй үлдсэн хугацааны төлбөрийн 90%-ийг, тухайн улирлын төлбөрөөс илүү төлсөн төлбөрийг 100% буцааж олгоно.

4.3.3.5 Суралцагч эрүүл мэндийн шалтгаанаар буюу бусад хүндэтгэх шалтгаанаар сургуульд үргэлжлүүлэн суралцах боломжгүй болсон нөхцөлд бичгээр гаргасан хүсэлт, уг шалтгааныг нотлох баримтыг үндэслэн захирлын тушаал гарган сургалтаас чөлөөлж, суралцсан хугацааны төлбөрийг суутгуулан, үлдсэн хугацааны төлбөрийг 100% буцааж авна.

4.3.3.6 Жилийн чөлөө авсан суралцагчийн суралцсан хугацааны төлбөрийг тооцож илүү төлбөрийг илүү төлөлтөөр бүртгэнэ. Илүү төлөлтийг жилийн чөлөөнөөс үргэлжлүүлэн суралцах үед нь төлбөл зохих сургалтын төлбөрөөс нь хасаж тооцно.

4.3.3.7 Хичээлийн жилийн улирал эхэлснээс хойш жилийн чөлөө авсан суралцагч жилийн чөлөөнөөс үргэлжлүүлэн суралцахдаа улирлын эхнээс дахин сонголт хийж, сонгосон кредитийн төлбөрийг төлнө.

4.3.3.8 Жилийн чөлөө авсан суралцагч суралцсан хугацааны төлбөрөөс илүү төлөгдсөн сургалтын төлбөрөө буцаан авах хүсэлт гаргасан тохиолдолд 4.3.3.4 - 4.3.3.7-р заалтуудыг мөрдөг болгоно.

4.3.6. Сургалтын үргэлжлэх хугацаа нь хичээлийн жилийн нэг улиралд 15 долоо хоног байна.

4.3.7. Сургуулиас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан суралцагч суралцсан хугацааны сургалтын төлбөрийн тооцоо хийхдээ тухайн улиралд сонгосон нийт кредитийн төлбөрийг сургалтын үргэлжлэх хугацаанд хувааж тооцно.

4.3.8. Санхүүгийн алба нь суралцагчдаас сургуулиас чөлөөлөгдсөн тухай тушаал, холбогдох нэгжүүдээр зуруулсан тойрох хуудас, төлбөр төлсөн баримтын эх хувь, төлбөрийн үлдэгдлийг буцаан авах өргөдөл зэргийг хянаж баталгаажуулан сургуулийн удирдлагад танилцуулан батлуулж, төлбөрийн буцаалтыг сар бүрийн 10, 25-нд олгоно.

4.3.9. Төлбөрийн буцаалтыг асран хамгаалагчийн зөвшөөрлөөр суралцагч өөрөө буюу итгэмжлэгдсэн хүн нь биеийн байцаалттай ирж хүлээн авах, эсвэл суралцагчийн өөрийн нэр дээрх данс буюу төлбөрийг шилжүүлсэн дансанд олгоно.

Тав. Бусад зүйл
 

5.1. Суралцагчийн нэг хичээлийн кредит шууд тооцох шалгалтын төлбөр нь тухайн хичээлийн жилийн кредитийн төлбөрийн 0,33 хувьтай тэнцэнэ.

5.2. Кредит шууд тооцох шалгалтанд амжилтгүй дүн үзүүлсэн мөн дүнгээ хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд тухайн шалгалтын төлбөр буцаагдахгүй, кредитийн төлбөрөө бүтэн төлж хичээл сонголтоо хийнэ.

5.3. Шилжиж ирсэн оюутнууд өөр сургуулийн багц цагийг дүйцүүлэн тооцох тохиолдолд CR үнэлгээ авсан хичээл бүрт 22000 төгрөгийн хураамж төлнө.

5.4. Бакалаврын сургалтанд элсэн суралцах гадаад оюутны сургалтын төлбөрийг тооцохдоо хичээлийн жилд мөрдөх тухайн хөтөлбөрийн кредитийн үнэлгээг 2 дахин нэмэгдүүлж тооцно. /Шууд тооцох шалгалтын төлбөр хамаарна/

5.5. Магистр, доктор, бакалаврын оройн сургалтад суралцагчидтай сургалтын төлбөрийн тооцоо хийхдээ энэхүү журмын тохирох заалтыг баримтална.

5.6. Суралцагсад болон төгсөгчдийн хүсэлтээр дараах нэмэлт үйлчилгээ үзүүлж, зохих төлбөрийг санхүүгийн албанаас хуваарилсан дансанд төлнө.

5.6.1. Хос ангийн төгсөгч нь дипломын хавтас, энгэрийн тэмдэг /ромбо/нэмж авах болон дипломын хавтас, энгэрийн тэмдэг /ромбо/-ээ гээж үрэгдүүлсэн бол тухайн жилийн үнэлгээгээр тооцож төлбөрийн баримтыг сургалтын албанд ирүүлж авч болно. Оюутны дүнгийн лавлагаа 3000 төгрөг

5.6.2. Төгсөгчдийн дипломын хуулбар баталгаажуулахад /Дипломоо эх хувиар нь авчирсан бол/ 1000төгрөг

5.6.3. Төгсөгчдийн дипломын хуулбар баталгаажуулахад /Дипломыг эх хувиар нь авч ирээгүй бол/ 3000 төгрөг

5.6.4. Суралцаж байгаа оюутнуудын хувьд тодорхойлолтууд үнэ төлбөргүй

5.6.5. Сургуулийн хаяг, лого бүхий том дугтуй 1000 төгрөг

5.6.6. Гээгдүүлж, үрэгдүүлсэн дипломыг нөхөн олгоход 50000 төгрөг

5.6.7. Оюутны байранд хичээлийн жилийн 9 сарын 01- ээс дараа оны 6 сарын 30-ны хугацаанд байрлуулах бөгөөд, байрын төлбөрийг хичээлийн жилээр урьдчилан төлнө.

5.6.8. Гадаад оюутнууд байрласан өрөөний төлбөрийг байрлах нийт хугацаагаар буюу сарын эхэнд урьдчилан төлнө.

5.6.9. Оюутны байранд хичээлийн жилийн 9 сарын 01-ээс дараа оны 6 сарын 30-ны хугацаанд байрлуулах бөгөөд, байрын төлбөрийг хичээлийн жилээр урьдчилан төлнө.

5.6.10. Оюутны байрын эд хөрөнгийг ашиглах барьцаанд 300000 төгрөг дансанд байршуулна. Хичээлийн жилийн эцэст буюу байрнаас гарч байрыг чөлөөлөхдөө байр, эд хөрөнгийг хүлээлгэн өгснөөр акт үйлдэн, барьцааг буцаан авах буюу дараагийн хичээлийн жилийн барьцаа болгон тооцуулж болно.