Овог нэр: Дарьсүхбаатарын Билгүүдэй
Төгссөн он: 2016
Төгссөн мэргэжил: Олон улсын харилцаа ба Гадаад харилцааны ажилтан
Ажлын газар: Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
Албан тушаал: Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн хоёр талт хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн.
Та яагаад ХИС-ийн олон улсын харилцааны ангийг сонгож суралцсан бэ?
Мэргэжил сонгоно гэдэг бол хүний амьдралын хувь заяаг тэр чигээр нь шийдэж чадах томоохон алхам байдаг. Гагцхүү өөрийн хүсэл сонирхол, ертөнцийг харах өнцгөөрөө мэргэжлээ сонгох нь зөв байх гэж боддог. Миний хувьд бага наснаасаа нийгмийн олон талт харилцаанд идэвхитэй оролцож ирсэн гэж боддог. Нөгөөтэйгүүр өдөр тутмын сонин, дотоод болон гадаад мэдээ их үздэг байсан. 1-р ангид байхдаа Дэлхийн улс төрийн газрын зурган дээрх ихэнхи улсуудыг зааж чаддаг байсан бөгөөд үүнтэй холбоотойгоор улс орнуудын түүхийг өөрийнхөө хэмжээнд судалдаг байсан. Магадгүй эдгээр амьдралын хэвшилүүд маань намайг гадаад ертөнцтэй илүү ойртуулж өгч байсан ба Олон улсын харилцааны мэргэжил рүү хөтөлсөн байх гэж боддог.
Таны мэргэжлийн онцлог, давуу тал ?
Уг мэргэжлийн хамгийн том давуу тал нь хүний оюун ухааны цар хүрээг тэлж өгдөгт байгаа юм. Жишээлбэл бид нар онолын түвшинд өргөн хүрээний хичээлүүдийг үзэж судалдаг. Эдийн засаг, маркетингаас авхуулаад нийгмийн ухааны бүхий л салбарыг судалдаг нь эргээд тухайн хүнийг практик дээр чадварлаг боловсон хүчин болгох дархлааг суулгаж өгдөг. Нөгөөтэйгүүр гадаад харилцааны мэргэжилтэн нь аль ч салбарт хөрвөх чадвартай байх ёстой гэж боддог. Та Олон улсын харилцааны оюутан болсон тэр цагаас эхлээд ертөнцийг үзэх үзлийн хувьд шинэ шатанд хүрэх болно гэдгийг хэлмээр байна.
Оюутан байсан үеийнхээ хөгжилтэй дурсамжийг хуваалцвал?
Гадаадын ихэнхи сургуулиуд өөрсдийн гэсэн бахархалтай байдаг. Өөрсдийн гэсэн лого, бэлэг тэмдэг гэх мэт. Тэр нь янз бүрээр илэрч болдог. Тэр үүднээсээ ангийнхаа нэгэн найзынхаа санаачлагаар ХИС-ийн логотой, өөрийн гэсэн хэв маяг, өнгө зүс бүхий хүрэмийг (Jacket) хийж байсан. Уг ажил хэрэг нь амжилттай хэрэгжсэн бөгөөд тухайн үед 300 гаруй оюутнуудыг уг хүрмээр хангасан нь нийгэмд хүрч улмаар бусад сургуулиуд ч гэсэн хийж эхэлсэн. Эргээд харахад оюутнууд одоог хүртэл уг хүрмийг өмсөж байгаа нь сэтгэлд өег байдаг.
Хамгийн дурсамжтай хичээл, багшийнхаа талаар?
Ер нь манай мэргэжлийн бүх л хичээлүүд сонирхолтой, үр өгөөжтэй байдаг. Лекц, семинарын танхимд ОУХ, ОУ-ын тавцанд өрнөж буй үйл явдлууд, тэдгээрийн түүхийн талаар илтгэл тавигдаж, хэлэлцүүлгүүд өрнөхөд яалт ч үгүй тухайн уур амьсгал өөр түвшинд хүрдэг байсан. Аливаа юмсыг үргэлж томоор хар, макро түвшинд сэтгэ гэж багш нар маань үргэлж зөвлөдөг байсан. Мөн түүнчлэн сургууль маань хоёр дох гэр минь болж тэнхимийн багш нар маань эцэг эхээс ялгаагүй биднийг халамжилдаг байсан. Эцсийн бүлэгт багш нарын маань гол зорилго нь оюутан бүрийг хожим амьдралд хөлөө алдахгүй байж шуургыг бат сөрж зогсож чадах дархлааг бий болгоход оршиж байсан юм. Нэгэн удаа П.Мягмардорж багш маань “Та нар ХИС-ийг төгсөхдөө Гадаад харилцааны мэргэжилтэн гэдэг нэр зүүхээс гадна хүн шиг хүн болж төгсөх ёстой шүү” гэж захиж байсан нь одоо ч сэтгэлд хадгалаастай байдаг. Сургалтын хөтөлбөрт туссан хичээлүүдээс гадна бусад олон талын сургалтыг эрдэмтэн багш нараасаа авч байсан. Тухайлбал захирал Д.Уламбаяр багш маань нэг удаа бид нарт Сансар огторгуйн талаар өөрийн судалгааны тухай лекцийг уншиж байсан. Тэнхимийн дэргэдэх АЛТАН ГЭРЭГЭ Клубт 1-р курст байхдаа элсэн орж улмаар 2,3-р курстээ тэргүүнээр нь ажиллаж байсан. Оюутны сайн дурын клубт хамрагдахын давуу тал нь онолыг практиктай хослуулж, мөн гадны судлаач багш нарыг урьж авчиран лекц уншуулах гэх мэт байдаг. МУИС, Тагнуулын академи зэрэг сургуулиудын ОУХ-ны багш нартай дугуй ширээний ярилцлага хийж хичээл дээрээс олж авсан мэдлэгээ улам бататгадаг байсан. Мөн АЛТАН ГЭРЭГЭ Клубээс зохион байгуулдаг МИНИ-НҮБ, ОНОЛ ПРАКТИК зэрэг тэмцээн нь оюутны хувь хүний хөгжилд томоохон байр суурь эзэлдэг.
Их сургуульд эзэмшсэн ямар мэдлэг чадвар ажлын байранд гараад чухал хэрэгцээтэй байсан бэ?
Харилцаа бас дахин харилцаа. ХИС-аас би хангалттай хэмжээний мэдлэг, чадварыг олж авсан. 4 жил ангийн дарга хийж, оюутны сайн дурын клубуудэд ажиллаж байсан маань миний бусадтай харилцах харилцааны чадварыг сайжруулж өгсөн гэж боддог. Мөн түүнчлэн багаар ажиллаж бусадтай хамтран зөвшилцөх, хамгийн зөв оновчтой шийдвэр гаргах, судалгаа дүн шинжилгээ хийх зэрэг олон чадварууд маань ажил амьдрал хамгийн их хэрэг болдогдоо. Өнөөдөр би Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны гадаад харилцааны мэргэжилтнээр ажиллаж буй маань их сургуулиас олж авсан онол-практикын хослол дээр суурилж байгаа гэж боддог.
5 жилийн дараа өөрийгөө хэрхэн төсөөлж байна вэ?
Хүн хүсэл мөрөөдлөөрөө жигүүрлэж өөрийн гэсэн ертөнцийг бий болгодог. Мөрөөдөл гэдэг бол хийсвэр зүйл биш юм. Гагцхүү мөрөөдлөө амьдралын гол зорилгоо болгон баримтлаж явах нь чухал. Одоогоос 2 жилийн өмнө их сургуулиа төгсөж байхдаа эндээс олж авсан эрдэм мэдлэг, чадвараараа улс орныхоо хэтийн хөгжил цэцэглэлтийн төлөө зүтгэнэдээ хэмээн өөрөө өөртөө амлаж байсан. Өнөөдөр би Монгол төрийн төлөө зүтгэж байна. 5 жилийн дараа ч гэсэн гадаад дотоодын аль нэг байгууллагад ажиллаж байх болов уу. Ер нь миний хэтийн зорилго бол ОУ-ын тавцанд Монгол Улсаа төлөөлхийг хүсдэгдээ.
ХИС-ийн 1-р курст элсэн орж байгаа оюутнуудад өгөх таны зөвлөгөө?
Бага хугацаанд ихийг олж авхыг зориорой гэж хэлмээр байна. 4 жил гэдэг бол асар богино хугацаа шүү гэдгийг сануулъя. Мөн оюутан байх хугацаандаа нийгмийн идэвхитэй байж, оюутны сайн дурын клубуудэд элсэхийг зөвлөе. Энэ нь таны мэдлэг, чадварыг нэмхээс гадна онол-практикыг хослуулах томоохон боломжийг олгох болно.
Овог нэр: Батчулууны Батчимэг
Төгссөн он: Бакалавр – 2013, Магистр - 2014
Төгссөн мэргэжил: Олон Улсын Харилцаа
Ажлын газар: Аплас Монгол ХХК
Албан тушаал: Хүний нөөцийн Зөвлөх
Та яагаад ХИС-ийн олон улсын харилцааны ангийг сонгож суралцсан бэ?
5 наснаасаа мөрөөдөж эхэлсэн мөрөөдөл маань дипломатч болох байсан болохоор маш эртнээс зорилго тавьж, ЭЕШ-д бэлдэж байгаад хүссэн сургуульдаа буюу Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуульд 15 насандаа орсон доо. Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийг ялангуяа Олон улсын харилцааны мэргэжлийн дагуу маш чадварлаг багш нартай, гадаад хэлний хичээл нь маш сайн ордог гэж сонссон тул зөвхөн Хүмүүнлэгт л орно гэж боддог байсан.
Таны мэргэжлийн онцлог, давуу тал ?
Олон улсын харилцаагаар төгвсөл зөвхөн дипломатч л болно гэж боддог байлаа. Тэгтэл миний мэргэжил маш олон төрлийн салбар руу хөрвөх боломжтой, маш олон төрлийн мэдлэгийг мөн гадаад хэлний мэдлэгийг давхар давхар маш сайн эзэмшдэг тул их давуу талтай. Мөн онцлог нь гэвэл олон хүнтэй харилцаж, харилцааны ур чадвар, сэтгэл зүйн суурь сайтай болдог. Одоо хар л даа, би ингээд л бараг 5 дахь жилдээ Хүний Нөөцийн чиглэлээр ажиллаж байна.
Оюутан байсан үеийнхээ хөгжилтэй дурсамжийг хуваалцвал?
Би чинь эрт сургуульд орсон юм л даа. 5 настай 1-р ангид ороод, 15-тай оюутан болсон. Хүмүүнлэгийн номын санд гуйж байгаад Төрсний гэрчилгээгээр ном авдаг байсан хүн би л байсан байх даа. Номын санч нар яахаараа иргэний үнэмлэхгүй байдаг юм гээд л загнахаар нь би насаа хэлэхээс ичдэг байж билээ. Ингээд 2-р курсдээ иргэний үнэмлэх авахдаа сургуулийн тодорхойлолтоо тухай үеийн Хэл Соёлын Сургуулийн Төрбат захиралаас авч байж билээ. Намайг иргэний үнэмлэхээ хаячихсан юм уу гэхээр нь “Үгүй ээ анх удаа авна” гэхэд бөөн инээд болоод өнгөрч байж билээ.
Хамгийн дурсамжтай хичээл, багшийнхаа талаар?
ОУХ тэнхим маш мундаг чадварлаг багш нартай. Яг 1 багшийг сонгож хэлэхэд их хэцүү. П.Мягмардорж багшийн маань Дипломат ажиллагаа гээд хичээл 3-р курсд ороход маш гоё байж билээ. Яг мэргэжлийн маш нарийн ширийн зүйлийг заадаг хичээл юм байгаа юм. Багшийн дурсамж гэвэл Мөнхтуяа багш маань бага зэрэг хатуу гээд л оюутнууд бид нар ярьдаг, тэгээд л анх 1-р курсээс эхлүүлээд л “Би хэзээ ч 100 +A гэсэн дүн тавьдаггүй” гэж хэлдэг байсан. Гэхдээ л багшаасаа 100 +A дүн авч, дараа нь дүнгийн дэвтрээ хараад нүдэндээ итгэхгүй зогсож байснаа мардаггүй юм. Магистрийн хичээлийн хувьд Д.Уламбаяр багшийн маань хичээлүүд маш мэргэжлийн нарийн ширийнийг заадаг, хэзээ ч мартагдахааргүй байдаг юм.
Их сургуульд эзэмшсэн ямар мэдлэг чадвар ажлын байранд гараад чухал хэрэгцээтэй байсан бэ?
Хэлний мэдлэг болоод харилцааны ур чадвар 2 л надад хамгийн том тулгын чулуу болсон. Үндсэн Англи хэл сурахаас гадна сонгох хэлээрээ Япон хэлийг сонгож, 2-р курсдээ сургуулийн оюутан солилцооны хөтөлбөрөөр Япон явж суралцаж байсан болхоор Англи, Япон хэл эзэмшсэн. ЮНЕСКО дээр дадлага хийж, Алтан Гэрэгэ хэмээх ОУХ оюутнуудын клубд гишүүн нь байж их олон үйл ажиллагаа зохион байгуулж олон хүмүүстэй харилцдаг байсан тул харилцааны ур чадвар, дипломатч зантай болсон нь одоо надад их том давуу тал болдог.
5 жилийн дараа өөрийгөө хэрхэн төсөөлж байна вэ?
Салбартаа тэргүүлэгч байж, сургуулийнхаа нэр хүндийг авч явсан хэвээр л байна даа. Их олон хүмүүс “Чи аль улсад бакалавр юм уу магистраа хамгаалсан бэ” л гэж асуудаг. Цэвэр Монголдоо, Хүмүүнлэгтээ бакалавр, магистрийн зэргээ авсан ба энэ нь олон улсын түвшинээс юугаараа ч дутдаггүй юм гэдгийг нүүр бардам харуулдаг. Иймдээ ч илүүтэй глобал түвшинд ажиллах зорилготой байна. Одоогоор Аплас Монгол ХХК нь 70 гаруй улсад 350 гаруй оффистой Олон улсын түвшинд Хүний нөөцийн бүрдүүлэлт, инженерийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг юм.
ХИС-ийн 1-р курст элсэн орж байгаа оюутнуудад өгөх таны зөвлөгөө?
Оюутан байх хугацаа маш их дурсамжтай, хамгийн сайхан цаг үе. Мөн хувь хүний хувьд төлөвших, ажил дээр гарах ур чадваруудаа нөөцлөж авах алтан боломж. Боломжийг хүлээж бус өөрөө эрэлхийлж хайж, зөвхөн багшийн өгсөн даалгавар бие даалтаар, эсвэл дадлагын 15 хоногоор хязгаарлагдахгүйгээр өөрийн идэвхи, мэрийлтээрээ илүү зүйлийг хийж, сурах хэрэгтэй. Одоо та бүхэн 1-р курс хэдий ч 4 жилийн дараа бусдыгаа манлайлаад онцгойлох дипломтой төгсөх ямар сайхан мэдрэмж байдгийг мэдрэхийг төлөө хамгийн сайнаараа хичээгээрэй.Овог нэр: Мандахын Мөнхномиун
Төгссөн он: 2017
Төгссөн мэргэжил: Сэтгэл судлаач /Бихевиор судлаач/
Ажлын газар: СХД-ийн 124 дүгээр сургууль
Албан тушаал: Сэтгэл зүйч
Та яагаад ХИС-ийн сэтгэл судлалын ангийг сонгож суралцсан бэ?
Манай улсад сэтгэл судлаач мэргэжлээр бэлтгэдэг хэд хэдэн их, дээд сургууль бий. Бүгд л өөрийн гэсэн онцлог, давуу тал, сургалтын арга барилтай сургуулиуд байсан. Миний элсэж орсон жил ХИС маань мэргэжлийн англи хэлтэй сэтгэл судлаач бэлтгэх зорилготой байсан юм. Сэтгэл судлалтай холбоотой материал, мэдээлэл ихэвчлэн англи хэл дээр байдаг тул мэргэжлийн хэл сурах нь чухал. Тийм учраас ХИС-ийг сонгон суралцсан. Зөвхөн сэтгэл судлалын ангиар зогсохгүй бусад мэргэжлийн ангийнханд ч хэл сурах боломж, нөхцөлийг олгодог бөгөөд миний бие багш нарынхаа мэдлэг, чадварыг өндрөөр үнэлдэг. Өөрт хэрэгтэй материалуудыг ном, хэвлэл, сайт зэргээс орчуулдаг байсан нь хэлээ сайжруулж, мэргэжлийнхээ талаар өргөн хүрээний мэдлэг олж авах боломжийг бүрдүүлсэн. Бэлэн мэдээлэл уншихаас илүүтэйгээр сургалтын материалаа өөрсдөө бүрдүүлэхэд сургууль маань ихээхэн анхаардаг билээ.
Таны мэргэжлийн онцлог, давуу тал ?
Мэргэжил бүхэн сайхан гэдэг. Сэтгэл судлаач мэргэжил нь тэдгээр сайхан гэгдэж байгаа бүх мэргэжилд тодорхой хэмжээгээр шингэсэн байдгаараа онцлогтой. Хүн хаана байна тэнд сэтгэл судлал оршдог гэж би боддог. Багш, эмч, цагдаа, хуульч гээд бүх хүнд сэтгэл судлаач хэрэгтэй. Сэтгэл судлаач нь харагддаггүй боловч хамгийн чухал зүйл болох сэтгэц болон сэтгэл зүрхтэй ажилладаг. Сэтгэц болон сэтгэл зүрхийг нь зөв чиглүүлж чадвал тухайн хүний амьдрал сайнаар өөрчлөгдөж, чадахгүй бол эсрэгээрээ муугаар эргэдэг. Тийм учраас сэтгэл судлаач бол хүний амь настай ажилладаг туйлын хариуцлагатай мэргэжил юм. “Чиглүүлэх” гэснийг анзаарсан байх. Энэ мэргэжлийн онцлог нь хүмүүсийг нүдээ нээж, өөрийгөө болон бусдыг зөвөөр олж харахад нь чиглүүлдэг. Хүмүүсийн амьдралыг өмнөөс нь шийдэх үүрэг бидэнд байдаггүй бөгөөд зөвхөн шийдвэр гаргахад нь тусладаг. Үүнийг энгийнээр тайлбарлавал сэтгэл судлаач хүн луужинтай адил. Луужинг барьсан аялагч өөрөө адал явдалтайгаа нүүр тулж, луужин зөв зам руу чиглүүлдэгтэй агаар нэгэн буй. Үүнээс гадна сэтгэл судлаач бол бүх шинжлэх ухааны зааг дээр оршдог, олон салбартай, хөрвөх чадвартай мэргэжил. Олон түлхүүрээс өөрт хэрэгтэй түлхүүрийг олж авахтай адил, аль чиглэлээр мэргэших өргөн сонголтыг хүмүүст өгдөг.
Таны одоогийн ажлын төлөвлөгөө?
Би гэнэтийн зүйлд дуртай ч миний мэргэжил ажлаа үргэлж төлөвлөхийг шаарддаг. Одоогоор хүүхдүүдийн зүрх сэтгэлд хайр болон амар тайвны үр тарих төлөвлөгөөтэй байна даа. Сургуулийн сэтгэл судлаач болоод ч тэр үү сурагчдад хайр болон амар тайвныг өгөхийг хичээдэг. Хичээлээ сайн хий, багшийнхаа үгэнд дуулгавартай байгаарай гэхээс илүүтэй зүгээр л хайраар мэндэлж, амар тайвнаар өлгийдөхийг эрмэлдзэг. Мэдээж хичээл хийх, багштайгаа зөв харилцах, мэргэжлээ зөв сонгох нь чухал ч хайрыг авсан хүүхэд бусад зүйлсээ сайн хийдэг учир мэргэн ухаан гаргаж, хүүхдүүдийн хэрэгцээн дээр суурилан зөвлөгөө өгөх нь чухал.
Оюутан байсан үеийнхээ хөгжилтэй дурсамжийг хуваалцвал?
Оюутан насны бүх цаг үе хөгжилтэй, дурсамжтай, их л сайхан өнгөрсөн. Манай ангийнхан ч нэгдмэл, бие биенээ өмөөрч, хамгаалдаг, мэдэхгүй зүйл дээр нь тусладаг байсан. Нэг удаа манай ангийн охин даалгавраа хэвлүүлж гаргаж амжаагүй гээд багшийг ирвэл ариун цэврийн өрөө орсон гэж хэлээрэй даалгавраа хэвлүүлээд ирье гээд гарлаа. Багш орж ирээд нөгөө охиныг асуухад нь бид нар ариун цэврийн өрөө орсон гээд тэрхэн зуур аргацаав. Хэсэг хугацааны дараа нөгөө охин орж иртэл багш: Чи хаашаа яваад ирэв, ариун цэврийн өрөө орсон юм уу? гэж асуусан чинь нөгөө охин маань үгүй багшаа ариун цэврийн өрөө ороогүй гэж хэлээд бид нарыг худалч болгосон доо.
Хамгийн дурсамжтай хичээл, багшийнхаа талаар?
Би англи хэлний хичээлдээ дуртай байсан. Манай багш эхний жил бид нарт их хатуу хандаж билээ. Даалгавраас нэг үг л үлдээвэл хичээлд суулгахгүй, нэг минут хоцорвол оруулдаггүй байсан. Одоо бодоход бидэнд зарчимч байх, цагийн юмыг цагт нь хийхийг сургаж байсан юм билээ. 2,3 дугаар курст ороход нөгөө багш маань бид нартай дотносож, хичээл дээр ядраад, нойрмоглох үед шоколад хүртэл авч өгдөг байсан. Бид хамтдаа англи хэлний хичээлийн шинэ жил тэмдэглэж, уралдаан, тэмцээн зохиож, олон дурсамж бүтээсэн. Англи хэлний Оюунцэцэг багшдаа баярлаж явдгаа хэлмээр байна.
Их сургуульд эзэмшсэн ямар мэдлэг чадвар ажлын байранд гараад чухал хэрэгцээтэй байсан бэ?
Бэрхшээлийг даван туулах чадвар хамгийн чухал нь гэж бодож байна. Оюутан болоод тодорхой бэрхшээлийг даван туулах чадварт суралцдаг. Сургалтын төлбөрөө төлж чадахгүй болох, шөнө сууж хичээл хийгээд, өглөө эрт хичээлдээ явах, багш нартайгаа үл ойлголцох, гэр бүлийн асуудлаас болоод хичээлийн хоцрогдолд орох гэх мэт асуудлууд бол энгийн л тохиолддог зүйл. Оюутан байхдаа эдгээрийг даван туулж, хичээл, гэр бүл, найз нөхөд гээд бүгдийг нь орхигдуулахгүй байж чадвал ажлын байранд тулгардаг хүнд бэрхшээлүүдийг даван туулж чадна.
5 жилийн дараа өөрийгөө хэрхэн төсөөлж байна вэ?
Бие махбодь минь нас нэмэх нь жам. Харин мэдлэг, чадвар минь нас нэмсэн байгаасай хэмээн хүснэ. Утсаа авахад сэтгэл судлаач Мөнхномиун уу? гэж харилцан яриа эхлээсэй гэж хүсэж байна. Хань ижил минь хүрээд ирсэн байвал тосоод авна, ирээгүй байвал иртэл нь итгэлтэйгээр хүлээнэ. Зүрх сэтгэлийн асуудал юм хойно хувь тавилан, тогтсон хугацаагаараа болох биз ээ.
ХИС-ийн 1-р курст элсэн орж байгаа оюутнуудад өгөх таны зөвлөгөө?
Оюутан насыг битгий алдаарай. Хийж байгаа бүх зүйлээсээ аз жаргалыг мэдэрч, эргээд харахад сурсан зүйлтэй, эргээд уулзахад нөхөрлөсөн найзуудтай, эргээд дурсахад хайрлах багш нартай, эргээд очиход угтах сургуультай үлдээрэй. Ганцаараа битгий яваарай. Мөнгө нийлүүлээд ширхэгийн хоол идэж, тэмцээнд оролцож ялалт, ялагдлыг мэдэрч, тэмцээн дээр ангийн хүүхдүүдээ хоолойгоо сөөтөл дэмжиж, хичээж даалгавраа хийгээд багшаараа магтуулж үзээрэй. Тухайн үедээ хүнд хэцүү мэт санагдавч дараа нь бодоход өөрөөрөө бахархах цаг ирнэ ээ. Өөрийн сонгосон замаас баруун, зүүн тийш бүү хазай.Тууштай бөгөөд зоригтой байгаарай.
Овог нэр: Энхжаргал овогтой Хонгорзул
Төгссөн он: 2017 он
Төгссөн мэргэжил: Сэтгэл судлаач
Ажлын газар: “Ногоон Цас” НҮТББ / “Флора Говь” ХХК
Албан тушаал: Тэргүүн / Хүний нөөц
Та яагаад ХИС-ийн сэтгэл судлалын ангийг сонгож суралцсан бэ?
10 дугаар ангид байхдаа “Сэтгэл судлалын үндэсний төв” дээгүүр их очдог байсан. Tэр үед ХИС-ийг сэтгэл судлалаараа сайн гэж байсан давхар мэргэжлийн ангил хэл үздэг болохоор давуу талтай санагдаад сургуулиа сонгож байсандаа.
Таны мэргэжлийн онцлог, давуу тал ?
Хүний нүдэнд харагдаж гарт баригддаггүй зүйлийг судалдагаараа онцлогтой. Сэтгэл судлаач хүний хамгийн том давуу тал хүнийг таньж мэдэн, ойлгож, мэдэрч чаддаг.
Таны одоогийн ажлын төлөвлөгөө?
Нийгмээс тусгаарлагдсан, донтох эмгэгтэй далд бүлэгийн хүмүүстэй ажиллаж байгаа. Тэдгээр хүмүүст туслахын тулд олон төлөвлөсөн ажилууд байгаа ба эхнээсээ хэрэгжээд эхэлчихсэн зарим байгууллагуудтай хамтран ажиллаж байна.
Оюутан байсан үеийнхээ хөгжилтэй дурсамжийг хуваалцвал?
За тэгээд нэр томьёог үргэлж буруу хэлдэг нэгнээ л шоолж инээлддэг байсан даа. Зарим нь ярихад хэтэрхий урт юм.
Хамгийн дурсамжтай хичээл, багшийнхаа талаар?
Миний хувьд Мягмарсайхан багшийн Гэр бүлийн сэтгэлзүй, Одончимэг багшийн хуулийн сэтгэл зүй, Мягмаржаргал багшийн харьцуулсан сэтгэл судлал. Энэ хичээлүүдээс маш их зүйлийг сурч авсан бас надад маш хүчтэй нөлөөлсөн гэхүүдээ хувь хүн талаасаа ч тэр мэргэжлийн чиг баримжаа талаасаа ч тэр. Мягмарсайхан багш бол хамгийн зөөлөн юмсыг олон талаас нь харж чаддаг хүн. Харин Одончимэг багш маш сонирхолтой өөр өнцгөөс хүний сэтгэл зүй дээр гаргалгаа хийдэг нь таалагддаг байсан. Мягмаржаргал багшийн хувьд манай сургуулийн гол мэргэжлийн багш байсан жендэр, хүн, ургамал, амьтдын холбоо хамаарал ижил төстэй байдлуудыг мэдэж авснаар мөн л аливааг таньж мэдэхэд минь их нэмэр болсондоо.
Их сургуульд эзэмшсэн ямар мэдлэг чадвар ажлын байранд гараад чухал хэрэгцээтэй байсан бэ?
Хүн ер нь их сургуульд л төлөвшдөг гэж би хувьдаа боддог. Их сургуулийн 4 жил тэс ондоо 20-30 орчим хүүхдүүд дунд өөрийн орон зайг үүсгээд явж чадна гэдэг хувь хүний багаар ажиллах чадварт нөлөөлж байгаа юм. Багаар ажиллаж чаддаг хүн аль ч хамт олон дунд хүндлэгддэг гэж боддог.
5 жилийн дараа өөрийгөө хэрхэн төсөөлж байна вэ?
Ерөнхийдөө хаалттай бүлэг дээр ажиллаж байгаа. Бодсон төлөвлөсөн зүйлс мэдээж байгаа. Гэхдээ олон нийтэд дэлгэх боломжгүй байгаа.
ХИС-ийн 1-р курст элсэн орж байгаа оюутнуудад өгөх таны зөвлөгөө?
Үнэхээр хийхийг хүссэн зүйлээ олсон уу? Өөрийгөө таньж мэд, юу хүсэж байгаагаа ойлго. Үүний дараа их сургуульд сурахад хэзээ ч оройтохгүй.