Дээшээ

Бидний тухай


Мэдээлэл, харилцаа  технологийн дэвшил нь өнөөгийн өдөр дутмын амьдралд асар их нөлөөлж байна. Тооцоолон бодох шийдлээр хангаж чадах техник, технологийг эзэмшсэн байх чадамжийг ямар ч ажлын байрны шаардлагын эхэнд тавьдаг болсноор барахгүй  энгийн хэрэглэгчдээс ч ийм зүйлийг шаардах болжээ.  Мэдээлэл, харилцааны менежментийн  сургууль нь мэдээллийн технологи, хэвлэл мэдээллийн технологи болон инженерийн технологид чиглэсэн төрөл бүрийн хөтөлбөртэй. Мэдээллийн технологийн хэрэглээгүйгээр  төсөөлөхийн аргагүй болсон өнөөгийн дэлхий ертөнцөд өндөр мэдлэг боловсролтой, мэргэжлийн ур чадвартай, бүрэн бэлтгэгдсэн иргэнийг бий болгох нь бидний үндсэн зорилт.

Манай сургуулийн эрдэм шинжилгээ, сургалт-үйлчилгээний бодлогын гол агуулга  нь чанартай мэргэжилтэн бэлтгэдэг уламжлал дээр тулгуурлан орчин үеийн технологийн ололтыг ашигласан сургалтын нээлттэй орчин, чанартай хөтөлбөртэй хослуулан сургалтын үйлчилгээ үзүүлэх  явдал юм. Бид ажил олгогч нартайгаа  байнгын харилцаа холбоотой байдаг давуу талаа ашиглан сургалтын хөтөлбөрийг ажлын байрны шаардлага, эрэлт хэрэгцээнд нийцүүлэн шинэчлэн хэрэгжүүлж, төгсөгчдийнхөө цаашдын өсөлт, мэргэшлийн хөгжлийн  үндсийг бэхжүүлдэг.

Түүнчлэн оюутнуудын хүсэлт,  зорилго, хэрэгцээнд тохируулж зарим хичээлийг сонгон суралцах боломж олгодог. Эдгээр хичээл нь оюутанд мэдлэгээ дээшлүүлэх, судалгаа хийх,  тухайн чиглэлээр хамгийн сүүлийн үеийн  судалгааны чиг хандлага, ололтын  талаар  мэдлэг олж авахад тус болдог.

Бидний олон талт сургалтын орчин, компьютерийн мэргэжлийн лаборатори болон практик туршлага зэрэг нь  танхимд үзсэн онолыг лабораторийн болон практик  орчинд хэрэглүүлж сурах, бодит нөхцөлд мэдлэгээ хэрэглэх боломж олгохоос гадна ажил олгогч нараас нэн тэргүүнд шаарддаг мэдлэг, ур чадвар, чадавхи эзэмшүүлэхэд чиглэдэг. Цаг хугацаа, орон зайнаас үл хамааран хөтөлбөрийг бүхэлд нь болон   багц хичээлийг сонгон суралцаж кредит цуглуулах боломж нээлттэй.

        Мэдээлэл, харилцааны менежментийн  сургууль нь сургалтын хөтөлбөрүүддээ оюутныг бие даан шийдвэр гаргах, харилцааны болон багаар ажиллах ур чадвар эзэмших арга барил олгох, дадлага болгох чиглэлийг тусгадаг. Мэдээллийн технологийг ашиглан шинэ мэдлэг олж авч, цаашид тасралтгүй бие даан бүтээлчээр суралцах, англи хэлийг өдөр тутмын болон мэргэжлийн үйл ажиллагаандаа ашиглах чадвар эзэмшүүлдэг. Үүнээс гадна харилцааны соёлтой, монгол утга зохиолын хэлээр найруулан бичих, илтгэх, зөрчилтэй нөхцөлд бусдын үзэл бодлыг хүндэтгэн зөвшилцөж удирдлагын оновчтой шийдвэр гаргах, өөртөө болон бусдын өмнө хариуцлага хүлээх чадвартай, өөрийн хөдөлмөрийг шинжлэх ухааны үндэслэлтэй зохион байгуулах дадлыг  олгодог.