Дээшээ

Тухай


Номын сан

  • Нийгмийн ухааны
  • Гадаад хэлний
  • Эрдэм шинжилгээний  гэсэн гурван үндсэн номын сантай.

Нийгмийн ухааны номын сан  110 хүнд үйлчлэх уншлагын танхимтай.Тус номын сангийн фондод оюутан суралцагч, магистрант, докторант, багш, эрдэмтдийн хэрэгцээнд зориулсан нийгэм, байгалийн ухааны бүх мэргэжлийн чиглэлийн  монгол, орос, англи хэлээр гарсан 66,770 гаруй ном зохиол, сурах бичиг, судалгааны бүтээл бусад материал бий.

Гадаад хэлний номын сан 42 хүнд зэрэг үйлчлэх уншлагын танхимтай. Фонд 100,770 гаруй номтой. Дэлхийн олон хэлний мэргэжлийн, утга зохиолын болон бусад мэргэжлийн сурах бичиг, зохиол, эрдэм шинжилгээ, судалгааны материал, хэвлэлээр үйлчилдэг. Эрдэм шинжилгээний номын санд 80 хүнд үйлчлэх уншлагын танхим, интернэтэд холбогдсон 8 компьютер, эрдмийн цол, зэрэг хамгаалсан диссертаци хадгалагддаг бөгөөд  судалгаа, шинжилгээний ажил хийж буй магистрант, докторант, багш нарт үйлчилгээ үзүүлдэг.

Эдгээрээс гадна номын сан мэдээллийн үйлчилгээнийхээ хүрээнд дотоодын өдөр тутмын сонин хэвлэл, гадаад улс орнууд тэдгээрийн дотор  АНУ, ОХУ зэрэг орны “Harvard Business Review”, “Forbes”, “Вопросы психологий”, “Вопросы философий” сэтгүүлийг захиалан уншигчдадаа хүргэдэг.

Номын сан ирээдүйд

2015-2016 оны хичээлийн жилд  ашиглалтад орох хичээлийн шинэ байрны номын санг 150 гаруй уншигчдын тав тух, эрэлт хэрэгцээ, орчин үеийн номын сангийн шаардлагыг хангасан байх төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Шинэ номын сан ном хайлтын иж бүрэн цахим системтэй, уншигч, фондын аюулгүй байдлыг бүрэн хангасан байх юм. Мөн сургуулийн бүх фондыг цахим хэлбэрт шилжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд энэ нь номын хүрэлцээ, бүрэн бүтэн байдал, цаашлаад бусад сургуулийн багш, оюутанд үйлчлэх боломжийг нээх юм.

Хичээлийн жилийн  турш сургуулийн номын фондуудыг гадаад, дотоодын шинэ ном, сурах бичиг, сонин, сэтгүүлээр тогтмол баяжуулдаг. Зөвхөн өнгөрсөн 2013-2014 оны хичээлийн жилд 22 сая орчим төгрөгийн үнэ бүхий ном, сурах бичгээр баяжуулав.

Шинэ ирсэн номыг цаг тухайд нь цахим болон дансны бүртгэлд оруулан үйлчилгээнд гаргадаг. Шинээр ирсэн бүх ном сурах бичиг нь зураасан код, зохиогчийн код, дансны дугаарын дагуу программын цахим хайлтын системд бүртгэгдсэнээр үйлчилгээг хөнгөвчилж, цаг хугацаа хэмнэх, ном, сурах бичиг, судалгааны материалыг мэргэжлийн чиглэлээр нь  ангилалд оруулах, үйлчлүүлэгчийн гар дээр очсон, ашиглагдаад фондод эргэж ирсэн эсэхийг хянах гэх мэтчилэн  олон талын ач холбогдолтой юм.

2015-2016 оны хичээлийн жилд хичээлийн шинэ байр ашиглалтад орсноор 110 хүнд үйлчлэх уншлагын танхимтай нийгмийн ухааны номын сан, 42 хүнд үйлчлэх уншлагын танхимтай  гадаад хэлний номын сан,  80 хүнд үйлчлэх уншлагын танхимтай эрдэм шинжилгээний номын сангийн хүчин чадал эрс нэмэгдэж  470 гаруй үйлчлүүлэгчийг нэгэн зэрэг хүлээн авч орчин үеийн номын сангийн шаардлагыг бүрэн хангасан тохилог орчинтой уншлагын болон ярилцлага, хэлэлцүүлгийн танхим бүхий номын сангаар цогц үйлчилгээ  үзүүлэх боломжтой болно.

Манай сургуулийн номын сангийн уншлагын бүх танхим WI-FI утасгүй интернэт сүлжээ, зөөврийн компьютерийн тэжээлийн залгуурууд болон хувилан олшруулах, хэвлэлийн үйлчилгээ үзүүлэх  зориултын техник, тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан. Нийгмийн ухааны номын сан хичээлийн 2-р байрны 1-р давхарт, Гадаад хэлний номын сан хичээлийн 1-р байрны 1-р давхрын хойд жигүүрт, Эрдэм шинжилгээний номын сан, уншлагын танхимын хамт хичээлийн 1-р байрны 1-р давхрын хойд жигүүрт байрладаг.   Сургуулийн бүх номын сан үйл ажиллагаандаа “BSLibrary” програм ашиглаж байна.

Уг програм нь ном, сурах бичиг, судалгааны материалыг цахим хэлбэрт оруулан зохиогчийн хувийн код, овог, нэр, сэдэв, дансны дугаар, хуудасны тоо, хэвлэсэн газар, үнэ, өртөг, ашиглалтын код зэрэг бүхий л мэдээллийг багтаан үйлчилгээнд гаргахад бэлэн болгодог. Мөн номын тооллогыг цахимаар хийх, шаардлагатай бол ашиглалтын явцыг хянах, ямар ном, сурах бичгийг аль номын санд, ямар фондод ашиглаж байгааг цаг алдалгүй мэдэж авах боломжийг давхар олгож байна. Өөрөөр хэлбэл, уг програм нь номын сангуудыг өөр хооронд нь дотоод сүлжээгээр холбодог.

Номын сангийн үйлчлэх цагийн хуваарь:

Даваа-Баасан гарагт:  9.00-18.00 цаг

Бямба гарагт: 10.00- 18.00 цаг