Дээшээ

Оюутан элсүүлэх журам


Оюутан элсүүлэх журам
 

НЭГ. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ

1.1 Боловсрол, Шинжлэх Ухааны Яамнаас батлан гаргасан 2013 оны 3 сарын 18 – ны өдрийн А/79 тоот “Оюутан элсүүлэх журам” /БСШУЯ-ны сайдын 2016 оны 03 сарын 16-ны өдрийн А/87 тоот тушаалаар нэмэлт өөрчлөлт орсон/-ыг үндэслэн боловсруулсан энэхүү журмыг баримтлан Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль (ХИС)-д оюутан элсүүлэн суралцуулна.

1.2 ХИС – ийн бакалаврын өдрийн хөтөлбөрт элсэхээр хүсэлт гаргасан иргэнийг “бүртгүүлэгч”, элсэлтийн хяналтын тоонд багтан элсэх эрх авсан бүртгүүлэгчийг “элсэгч” гэнэ.

1.3 Элсэлтийн үйл ажиллагааг ХИС – ийн элсэлтийн комисс удирдан зохион байгуулна.

1.4 Аймаг, орон нутгаас оюутан элсүүлэх ажлыг Монголын Их Дээд Сургуулиудын Консорциум /МИДСК/ -ын оюутан элсүүлэх журмаар зохион байгуулна.

1.5 Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээ, сургуулийн материаллаг бааз, багшлах бүрэлдэхүүний хангамж зэргээс хамааран ХИС-ийн Удирдах зөвлөлийн хурлаар баталсан элсэгчдийн хяналтын тоонд багтаан оюутан элсүүлнэ.

1.6 Энэхүү журмаар зөвхөн өдрийн бакалаврын хөтөлбөрт оюутан элсүүлэх харилцааг зохицуулна.

ХОЁР. ЭЛСЭЛТИЙН БҮРТГЭЛ

2.1 Улаанбаатар хотоос ХИС – ийн бакалаврын хөтөлбөрт элсэхийг хүсэгчид 2018 оны 5-р сарын 22 – ноос 2018 оны 7-р сарын 1-ны хооронд ХИС-ийн элсэлтийн цахим бүртгэлийн систем, https://elselt.humanities.mn хаягаар нэвтэрч бүртгүүлнэ.

2.2 Аймаг, орон нутгаас элсэхийг хүсэгчдийн бүртгэл болон хөтөлбөр сонголтыг МИДСК зохион байгуулна. ЕБС-ийн судалгааг үндэслэн элсэлтийн комиссын бүрэлдэхүүн аймгуудад ажиллана.

2.3 Боловсролын Үнэлгээний Төвийн системд нэвтэрдэг бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан ХИС – ийн элсэлтийн бүртгэлийн системд нэвтэрч, зааврын дагуу элсэх хүсэлтээ гаргана.

2.4 Бүртгүүлэгч хувийн мэдээллээ шалгаж баталгаажуулсны дараа өөрийн элсэхийг хүссэн бүлгээ сонгон бүртгэлийн хураамжийг цахим хэлбэрээр төлж баталгаажуулна. (Цахим картаар төлбөр хэрхэн төлөх тухай дэлгэрэнгүй зөвлөмжийг тус системийн Заавар цэснээс танилцана уу.)

2.5 Бүртгэлийн хураамж 5000 төгрөг байна. (Бүлэг тус бүр)

2.6 Бүртгэлийн хураамжийг буцаан олгохгүй.

2.7 Дээд боловсролтой иргэн хоёр дахь дээд боловсрол өдрийн хэлбэрээр эзэмших хүсэлтэй бол энэхүү журмын 2.1-д заасан хугацаанд ХИС – ийн элсэлтийн комисст өөрийн биеэр бүртгүүлнэ.

ГУРАВ. БҮРТГҮҮЛЭГЧДЭД ТАВИГДАХ ШААРДЛАГА

3.1 Бүртгүүлэгч бүртгүүлэхээс өмнө энэхүү журамтай сайтар танилцах үүрэгтэй.

3.2 Бүртгүүлэгч нь тус журмын хавсралтад заасан хичээлээр 2016, 2017 онд элсэлтийн ерөнхий шалгалт (ЭЕШ) өгсөн эсвэл 2018 онд ЭЕШ өгөхөөр Боловсролын Үнэлгээний Төв /БҮТ/ - д бүртгүүлсэн байна. Зөвхөн нэг батламж дахь ЭЕШ – ын оноог тооцно.

3.3 Бүртгүүлэгч ХИС – д бүртгүүлэхээс өмнө БҮТ – ийн ЭЕШ – ын шалгуулагчийн буланд нэвтэрч, өөрийн хувийн мэдээлэл, цахим шуудангийн хаяг, утасны дугаараа нягталж, хэрэв асуудал байвал шийдвэрлүүлсэн байх шаардлагатай. Элсэлтийн системд оруулсан мэдээлэл алдаатай байснаас элсэлттэй холбоотой мэдээллийг цаг тухайд нь авч чадаагүй бол ХИС хариуцахгүй.

3.4 Хоёр дахь дээд боловсрол өдрийн хэлбэрээр эзэмших хүсэлт гаргасан иргэн гадаад, дотоодын магадлан итгэмжлэгдсэн их сургууль, дээд сургууль, коллежийг бакалаврын зэрэгтэйгээр төгссөн байна.

ДӨРӨВ. ЭЛСЭГЧИЙГ ШАЛГАРУУЛАХ БА МЭДЭГДЭХ

4.1 Олон улсын болон улсын чанартай мэргэжлийн олимпиадуудад I, II, III дугаар байр эзэлсэн иргэд ХИС – д элсэхээр бүртгүүлсэн тохиолдолд тухайн амжилтыг баталгаажуулах бичиг баримтыг үндэслэн шууд элсүүлнэ. Олимпиадын чиглэл нь элсэх сонирхолтой бүлгийн мэргэжлийн шалгалттай давхцах ёстой.

4.2 БҮТ – өөс ЭЕШ – ын дүнг зарламагц элсэлтийн систем бүртгүүлэгчийн бүртгүүлсэн мэргэжлийн бүлэг тус бүрээр онооны жагсаалтыг гарган байр эзлүүлнэ.

4.3 Хавсралт 1 -д заасан тухайн бүлгийн шалгалтуудаас хамгийн өндөр оноотой нэг шалгалтыг сонгон авч бүртгүүлэгчийн оноог тооцно.

4.4 Шалгуулагчдын оноо тэнцсэн тохиолдолд боловсролын гэрчилгээний дундаж оноог харгалзана.

4.5 Хяналтын тоонд багтсан эсэхийг, бүртгэл хаагдсаны дараа тогтоосон хугацаанд элсэлтийн системээр бүртгүүлэгчид мэдээлнэ.

4.6 Хоёр дахь дээд боловсрол өдрийн хэлбэрээр эзэмших хүсэлт гаргасан иргэн нь Хавсралт 1 -д заасан тухайн бүлгийн шалгалтуудаас бүрэлдэхүүн сургуулийн захирлын баталсан нэг шалгалтыг өгөх бөгөөд шалгалтыг 2018 оны 8 дугаар сарын 13 -оос 8 дугаар сарын 24 -ний хооронд элсэлтийн комиссын гишүүд, бүрэлдэхүүн сургуулийн хамтарсан баг зохион байгуулна. Шалгалтад тэнцсэн иргэний хувьд элсэх эрх үүснэ.

ТАВ. ЭЛСЭХ ЭРХ ОЛГОХ

5.1 Элсэх эрх олгох үйл ажиллагааг бүртгэл хаагдсаны дараах өдрөөс элсэлтийн комисс зохион байгуулна.

5.2 Журмын 4.1 заалтаар бүртгүүлэгч нь олимпиадад амжилт гаргасныг гэрчлэх бичиг баримтын эх хувь, тэдгээрийн хуулбарын хамт 2018 оны 7 дугаар сарын 2-оос 7 дугаар сарын 6-ны өдрийн хооронд ажлын цагаар элсэлтийн комисст авчирч, хүсэлтээ баталгаажуулна. Дурдсан хугацаанд ирээгүй тохиолдолд хөнгөлөлттэй нөхцөлөөр элсэх эрхээсээ татгалзсан гэж үзнэ.

5.3 Элсэлтийн эрх олгох үйл ажиллагааг 2018 оны 7 дугаар сарын 2-оос эхлэн 7 дугаар сарын 6-ны хооронд зохион байгуулна.

5.4 Хэд хэдэн бүлгийн хяналтын тоонд багтсан элсэгч нь зөвхөн нэг бүлгийг сонгох бөгөөд энэ тохиолдолд бусад бүлгийн хяналтын тооны жагсаалтаас нэр нь хасагдаж, дараагийн бүртгүүлэгчийн байр нэгээр өснө.

5.5 Элсэлтийн комисс “Суралцах эрхийн бичиг” олгохоос өмнө бүртгүүлэгчид “ХИС-ийн элсэлтийн журам”-ыг сайтар танилцуулж, элсэгчийн гэрээ–нд Иргэний хуулийн 16.1 заалтын дагуу насанд хүрсэн бол элсэгч өөрөө, насанд хүрээгүй бол түүний эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг гарын үсэг зуруулснаар хөтөлбөр сонголт хийгдэнэ.

5.6 Хяналтын тоонд багтсан бүртгүүлэгч элсэх эрх олгох үйл ажиллагааг зохион байгуулах хугацаанд элсэх эрхээ баталгаажуулан хөтөлбөр сонголт хийгээгүй нөхцөлд дараагийн бүртгүүлэгчид элсэх эрх шилжинэ.

5.7 Хяналтын тоонд багтсан бүртгүүлэгч элсэх эрхээ баталгаажуулахдаа дараах бичиг баримтыг бүрдүүлнэ. Үүнд:

  • Иргэний үнэмлэх, хуулбарын хамт (Иргэний үнэмлэхгүй бол орон нутгийн Иргэний Бүртгэл Мэдээллийн Байгууллагаас олгосон гэрэл зураг бүхий орлуулах түр баримт)
  • Элсэлтийн ерөнхий шалгалтын оноог баталгаажуулах баримт (монгол хэл бичгийн шалгалт, элсэлтийн ерөнхий шалгалтын батламж)
  • Бүрэн дунд боловсролын гэрчилгээ
  • 2018 оны 3х4 хэмжээний цээж зураг (2 хувь)

5.8 Хоёр дахь дээд боловсрол өдрийн хэлбэрээр эзэмших эрх авсан иргэн нь 5.7-ийн “Элсэлтийн ерөнхий шалгалтын оноог баталгаажуулах баримт”-ын оронд өмнө нь төгссөн их, дээд сургуулийн бакалаврын зэргийн дипломын хуулбар (нотариатаар баталгаажуулсан)-ыг бүрдүүлсэн байна.

5.9 Хоёр дахь дээд боловсрол өдрийн хэлбэрээр эзэмших эрх авсан иргэний 5.8-д заасан баримт бичгийг үндэслэн элсэлтийн комиссын гишүүд, бүрэлдэхүүн сургуулийн хамтарсан баг оюутан шилжүүлэн суралцуулах журмын дагуу хүсэлт гаргасан хөтөлбөрөөр зохих багц цагийг дүйцүүлэн тооцож, тохирох түвшинд элсүүлнэ.

5.10 Хяналтын тоонд багтсан бүртгүүлэгч 5.3-д заасан хугацаанд элсэх эрхээ баталгаажуулаагүй нөхцөлд ХИС хариуцлага хүлээхгүй.

5.11 Элсэх эрхээ баталгаажуулан “Суралцах эрхийн бичиг” -ээ авсан элсэгч суралцах эрхээ буцаасан нөхцөлд бакалаврын сургалтын 1.0 кредиттэй тэнцэх хэмжээний мөнгөн торгуулийг сургуулийн холбогдох дансанд шилжүүлэн, баримт болон холбогдох өргөдлийг элсэлтийн комисст гаргаснаар бичиг баримтыг буцаан олгоно.

5.12 Элсэлтийн материалыг хуурамчаар бүрдүүлсэнтэй холбогдон гарах хариуцлагыг хүсэлт гаргагч буюу бүртгүүлэгч өөрөө хүлээнэ.

5.13 Оюутанд элсэх эрх олгох, элсэх эрхийг баталгаажуулахтай холбоотой маргаантай асуудлыг элсэлтийн комисс эцэслэн шийдвэрлэнэ.

5.14 ХИС-ийн бакалаврын хөтөлбөрт элсэн суралцахыг хүссэн гадаадын иргэдийн асуудлыг “ХИС-ийн гадаадын иргэдийг суралцуулах журам”-аар шийдвэрлэнэ.

5.15 Элсэх эрхээ авсан элсэгч 2018 оны 8-р сарын 13-24-ний хооронд ажлын цагаар Сургалт, судалгааны хөгжил, аудит үйлчилгээний албанд өөрийн биеэр ирж бүртгүүлнэ. Бүртгүүлэхдээ дараах бичиг баримтыг бүрдүүлнэ. Үүнд:

  • Анкет (тус албанаас авч бөглөх)
  • Сургалтын төлбөр төлсөн баримт

ЗУРГАА. БУСАД

6.1 Суралцах эрхийг бусдад шилжүүлэхгүй.

6.2 Энэхүү журмын 5.5 заагдсан элсэгчдийн тоо 30 хүрээгүй (тухайн хөтөлбөрт) тохиолдолд 2018 оны 7-р сарын 6-ны өдөр хариу мэдэгдэх бөгөөд тухайн элсэгчдийн ЭЕШ-ын оноог үндэслэн ХИС-ийн бусад хөтөлбөрүүдэд элсэн суралцуулах боломжоор хангана.

6.3 Элсэх эрхээ баталгаажуулсан боловч бүрдүүлэх материалаа заасан хугацаанд авч ирээгүй иргэдийг суралцахаас татгалзсан гэж үзэн суралцах эрхийг хүчингүйд тооцно.

6.4 Цахим бүртгэл явагдаж байх үед бүртгүүлэгчдэд зөвлөгөө өгөх үйл ажиллагааг элсэлтийн бүртгэлийн систем, фейсбүүк, утас, цахим шуудан ашиглан явуулна.

6.5 Элсэлтийн комисс элсэгчийн материалыг нягт нямбай шалгаж авч зөрчилтэй материал хүлээн авахгүй байх, элсэгчийн мэдээллийг бүртгэлд оруулахдаа алдаа гаргахгүй байх тал дээр анхааран ажиллах.

 

Та элсэлтийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг - https://elselt.humanities.mn хаягаар болон 77111500 дугаараас авна уу.