Дээшээ

Сургалтын төлбөр тооцооны журам


Нэг. Ерөнхий зүйл
 

1.1. Энэхүү журмын зорилго нь Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль /цаашид ХИС гэх/-ийн бакалавр (өдөр, орой), магистр, докторын түвшний сургалтын болон бусад төлбөр тооцооны нийтлэг харилцааг зохицуулахад оршино.

1.2. ХИС-ийн бүх түвшний сургалтад шинээр элсэгч, тухайн улирлын сургалтын төлбөрөө төлж, хичээлээ сонгон сурч буй суралцагч /цаашид “идэвхтэй төлөвийн суралцагч” гэх/, жилийн чөлөө, шилжилт хөдөлгөөнөөс үргэлжлүүлэн суралцагч, сургалтын үйл ажиллагаанд оролцогч алба нэгж, албан тушаалтнууд энэхүү журмыг баримтална.

Хоёр. Сургалтын төлбөрийн мэдээллээр хангах
 

2.1. Тухайн хичээлийн жилийн сургалтын нэг багц цаг буюу кредитийн үнэлгээг инфляц, зах зээлийн үнийн судалгаа, зардлын төсвийг харгалзан шинэчилж өмнөх хичээлийн жилийн эцэст буюу жил бүрийн 06 дугаар сарын 15-ны өдрийн дотор Удирдах зөвлөлийн хурлаар тогтоон нийтэд мэдэгдэнэ.

2.2. Суралцагчдын сургалтын төлбөр төлөх заавар, дансны мэдээллийг Санхүүгийн албанаас бэлтгэж, Мэдээллийн технологийн алба, Сургалт судалгааны хөгжил, аудит үйлчилгээний алба (цаашид Сургалтын алба гэх)-тай хамтран сургуулийн вэб болон багш, оюутны вэбд ил тод байршуулна.

2.3. Элсэлтийн комисс, Сургалтын алба, Санхүүгийн албаны ажилтнууд элсэгчдэд энэхүү журмыг урьдчилан танилцуулж төлбөр тооцооны талаар маргаан үүсэхгүй байх нөхцөлийг бүрдүүлнэ.

2.4. Сургалтын албаны ажилтан шинээр оюутан бүртгэхдээ холбогдох бичиг баримтуудыг хүлээн авч хадгална.

Гурав.Сургалтын төлбөр тооцох нөхцөл
 

3.1. Шинээр элсэгчид

3.1.1. ХИС-д “Суралцах эрхийн бичиг” авсан шинээр элсэгч сургалтын төлбөрөө зохих дансанд тушаасны дараа Сургалтын албанд бүртгүүлнэ. Сургалтын албанд бүртгэгдсэн элсэгчийн гүйлгээг Санхүүгийн албаны ажилтан “Төлбөрийн систем”-д баталгаажуулна.

3.1.2. Энэхүү журмын 3.1.1-д заасны дагуу “Төлбөрийн систем”-д баталгаажилт хийлгүүлсэн шинээр элсэгч сургалтын гэрээ байгуулж, сургалтын албаны системд эхний улирлын хичээл сонголтоо бүрэн хийж, ХИС-ийн захирлын тушаалаар баталгаажуулна. Бакалаврын өдрийн хэлбэрт шинээр элсэгч оюутан эхний улиралд 15 багц цагийн, хэрэв хос хөтөлбөрөөр суралцах бол 23 багц цагийн сонголт хийхээр тооцож сургалтын төлбөр төлнө.

3.1.3. Сургалтын төлбөрийг хичээлийн жилээр тооцож урьдчилан төлж болно.

3.2. Идэвхтэй төлөвийн суралцагч

3.2.1. Идэвхтэй төлөвийн суралцагч тухайн хичээлийн жил, улиралд ганцаарчилсан төлөвлөгөөндөө тусгагдсан нийт кредитийг тухайн хичээлийн жилийн нэг кредитийн үнэлгээгээр үржүүлж, сургалтын хуанлид заасан хугацаанд, холбогдох дансанд сургалтын төлбөрөө урьдчилан байршуулна.

3.2.2. Идэвхтэй төлөвийн суралцагч өөрийн ганцаарчилсан төлөвлөгөөнд тусгагдсан хичээл сонголтоо бүрэн хийж, сургалтын албаны ажилтнаар баталгаажуулснаар тухайн улиралд суралцах оюутны тоо тодорхой болно. Ийнхүү баталгаажсан оюутан хувийн шалтгаанаар тухайн хичээлд суугаагүй ч түүнийг суралцсан гэж үзэж сургалтын төлбөр тооцогдоно.

3.2.3. Сургалтын төлбөрөө төлсөн идэвхтэй төлөвийн суралцагч өөрийн ганцаарчилсан төлөвлөгөөнд тусгагдсан хичээл сонголтоо хийж баталгаажуулснаар уг хичээлд хамрагдах нөхцөл бүрдэнэ.

3.3. Шилжилт хөдөлгөөн хийсэн оюутнууд

3.3.1. Тухайн хичээлийн жилд шинээр шилжин ирсэн суралцагчийн нэг кредитийн үнэлгээг тухайн хичээлийн жилийн 1-р түвшний суралцагчийн нэг кредитийн үнээр тооцно.

3.3.2. 2012 оноос өмнөх С-дипломтой төгсөгчид үргэлжлүүлэн бакалаврын зэргийн сургалтад суралцах тохиолдолд нэг кредитийн үнэлгээг тухайн хичээлийн жилийн 1-р түвшний суралцагчийн нэг кредитийн үнээр тооцно.

3.3.3. Жилийн чөлөөний хугацаагаа сунгаагүй суралцагчид үргэлжлүүлэн суралцсан тохиолдолд нэг кредитийн үнэлгээг тухайн хичээлийн жилийн 1-р түвшний суралцагчийн нэг кредитийн үнээр тооцно.

3.3.4. Суралцагч мэргэжлээ сольсон тохиолдолд шилжин суралцаж буй мэргэжил, түвшний тухайн жилийн нэг кредитийн үнэлгээгээр сургалтын төлбөрийг тооцно.

Дөрөв. Сургалтын төлбөрийн бүртгэл, тооцоо
 

4.1. Сургалтын төлбөр төлөх

4.1.1. Санхүүгийн албаны ажилтан харилцах дансны гүйлгээг хянаж, суралцагч бүрээр үндсэн сургалтын, дотуур байрны, шууд тооцох шалгалтын, бусад төлбөр гэж ангилж гүйлгээг  “Төлбөрийн систем”-д баталгаажуулж, тухайн суралцагчийн хичээл сонголт хийх нөхцөлийг бүрдүүлнэ.

4.1.2.  Суралцагч төлбөр төлөхтэй холбоотой мэдээлэл, холбогдох зааврыг Оюутны вэбийн “Төлбөрийн мэдээлэл” хэсгээс авч, банкинд тушаасан мөнгөний гүйлгээг хянах боломжтой. Зааврын дагуу гүйлгээ хийгдсэн тохиолдолд гүйлгээний бичлэг автоматаар шивэгдэнэ. Хэрвээ “Төлбөрийн мэдээлэл” –ийн хэсэгт гүйлгээний бичлэг орж ирээгүй тохиолдолд суралцагч Санхүүгийн албанд төлбөр төлсөнбаримттайирж, төлбөрийн мэдээллийг шалгуулж, гүйлгээг баталгаажуулна.

4.1.3. Сургалтын төлбөрийг хичээлийн жилээр урьдчилан дансанд байршуулсан тохиолдолд Санхүүгийн алба илүү төлөлтийг сургалтын төлбөрийн урьдчилж орсон орлогод тооцож бүртгэнэ.

4.2. Сургалтын төлбөрийн хөнгөлөлт

4.2.1. Бакалаврын өдрийн сургалтын ЭЕШ-ын суурь шалгалтын 700 буюу түүнээс дээш хэмжээст оноотой шинээр элсэгч /цаашид “ЭЕШ-ын өндөр оноотой элсэгч” гэх/, чанарын сайн үзүүлэлттэй суралцаж буй оюутанд сургалтын төлбөрийн хөнгөлөлт үзүүлнэ.

4.2.2. ЭЕШ-ын өндөр оноотой элсэгчид суурь шалгалтын хэмжээст оноо нь 800 бол 30 хувийн, 750-799 бол 20 хувийн, 700-749 бол 10 хувийн хөнгөлөлт тус тус үзүүлнэ.

4.2.3. ЭЕШ-ын өндөр оноотой элсэгчид сургалтын төлбөрийн хөнгөлөлтийг эдлэхийн тулд элссэн мэргэжлээрээ завсардалгүй, улирал бүр  3.0 буюу түүнээс голч үнэлгээтэй суралцах ёстой. Аль нэг улиралд 3.0-аас доош голч үнэлгээтэй суралцах буюу мэргэжлээ сольж, суурь шалгалт өөрчлөгдөх тохиолдолд тухайн улирлаар тасалбар болгож “ЭЕШ-ын өндөр оноотой элсэгчийн хөнгөлөлт”-ийг эдлэх эрхгүй болно.

4.2.4. Бакалаврын өдрийн хэлбэрээр чанарын сайн үзүүлэлттэй суралцаж буй оюутан дараагийн улиралд сонгосон үндсэн мэргэжлийн хичээлүүдийн сургалтын төлбөр төлөхдөө үндсэн мэргэжлийн хичээлүүдийн суралцсан хугацааны голч дүн нь 9-4.0 бол 10 хувийн; 3.8-3.89 бол 8 хувийн; 3.7-3.79 бол 6 хувийн; 3.6-3.69 бол 4 хувийн хөнгөлөлтийг тус тус эдэлнэ.

4.2.5. Өдрийн бакалаврын сургалтын оюутнууд ганцаарчилсан төлөвлөгөөндөө үндсэн мэргэжлийн хичээлээс гадна өөр мэргэжлийн хичээл нэмэлтээр сонгосон тохиолдолд нэмэлт хичээлүүдэд 4.2.3 дахь заалтын хөнгөлөлт үзүүлэхгүй.

4.2.6. Өдрийн бакалаврын сургалтын оюутан сургуулийн урилгаар магистрантурт суралцсан тохиолдолд магистрын хөтөлбөрийн хичээлүүдийн кредитийн үнэлгээг 10 хувиар бууруулж тооцно.

4.2.7. Сургалтын төлбөрийн хөнгөлөлтийг эдлэхийн тулд “Бакалаврын сургалтын журам”–ын 5.3.4-р заалт, “Магистр докторын сургалтын журам”, ХИС-ийн “Оюутны ганцаарчилсан төлөвлөгөө зохиох, хичээл сонголтын үйл ажиллагааг зохицуулах түр журам”-ын дагуу хичээл сонголт хийж суралцах нөхцөлүүдийг хангасан байна.

4.2.8. Оюутан суралцах хугацаандаа жилийн чөлөө авах, завсардах, сургалтын төлбөр тооцооны журам, төлбөр төлөх гэрээний заалтуудыг зөрчиж байсан тохиолдолд сонгосон кредитийн төлбөрийн хөнгөлөлт эдлэхгүй.

4.2.9. Хэрэв 4.2.7. дахь заалтын нөхцөлөөр сургалтын төлбөрийн хөнгөлөлтөд хамрагдаж чадаагүй оюутан үргэлжлүүлэн 4 улирал дараалан суралцсан бол 4.2.3 дахь заалтын дагуу хөнгөлөлт эдэлж болно.

4.2.10. Оюутан ЭЕШ-ын өндөр оноотой элсэгч, чанарын сайн үзүүлэлттэй суралцаж буй оюутнуудын сургалтын төлбөрийн хөнгөлөлтийг давхар эдлэхгүй.

4.2.11. Оюутны сургалтын төлбөрийн хөнгөлөлтийг “Төлбөрийн систем” автоматаар бодож, дараагийн улирлын сонголтын төлбөрт зохих хувийн хөнгөлөлтийг хасч тооцно. Оюутан суралцсан улирал бүрийн хөнгөлөлтийг хянах боломжтой.

4.2.12. Энэхүү журмын заалтуудыг мөрдлөг болгож, тасралтгүй хөнгөлөлт эдэлсэн төгсөгч сүүлийн улирлын хөнгөлөлтийн хувьтай тэнцэх мөнгийг дараагийн шатны сургалтандаа үргэлжлүүлэн тооцуулж болно. Хэрэв хөнгөлөлтийн хувьтай тэнцэх мөнгийг авах тохиолдолд хүсэлт гаргасан өргөдөл, боловсролын зэрэг олгосон дипломын хуулбарыг үндэслэж, тухайн төгсөгчийн нэр дээрх аль нэг банкны харилцах дансанд шилжүүлэн олгоно.

4.3. Оюутанд үйлчилгээ үзүүлснээр үүсэх төлбөр тооцоо

4.3.1. Шинээр элсэгч “Суралцах эрхийн бичиг”-ийг буцаах тохиолдолд тухайн хичээлийн жилийн сургалтын төлбөрийн нэг кредит цагийн үнэлгээтэй тэнцэх төлбөрийг төлнө.

4.3.2. Суралцах гэрээ байгуулан оюутнаар бүртгүүлж захирлын тушаалаар баталгаажсан оюутан өөрийн хүсэлтээр сургуулиас гарах тохиолдолд салбар сургуулийн захиргаанд бичгээр хүсэлт гарган, тойрох хуудас зуруулна. Сургуультай холбогдох тооцоогүй болохыг баталгаажуулсныг үндэслэн, захирлын тушаалаар сургуулиас чөлөөлнө.

4.3.3. Хичээл эхэлснээс хойш сургуулиас гарах хүсэлт гаргасан тохиолдолд, бүрэлдэхүүний сургуулийн захиралд бичгээр хүсэлт гаргах хүртэлх хугацааг суралцсанаар тооцож сургалтын төлбөрийн тооцоог хийнэ.

4.3.4. Сургуулиас гарсан тохиолдолд урьдчилж төлсөн сургалтын төлбөрийг буцаан авах хүсэлтийг санхүүгийн албанд ирүүлж дараах байдлаар шийдвэрлүүлнэ.

4.3.5. Шинээр элссэн оюутан хичээлийн жилийн намрын улирал эхлэхээс өмнө бичгээр хүсэлт гаргасан, тухайн улирлын хичээл сонголт хийгээгүй тохиолдолд энэхүү журмын 4.3.1-д заасан төлбөрийг төлж, урьдчилж төлсөн сургалтын төлбөрийг 100% буцааж авна.

4.3.5.1. Шинээр элссэн оюутан хичээлийн жилийн улирал эхлэхээс өмнө бичгээр хүсэлт гаргасан, намрын улирлын хичээл сонголт хийсэн бол сонгосон кредитийн төлбөрийн 90%-ийг, илүү төлсөн төлбөрийг 100% буцааж олгоно.

4.3.5.2. Идэвхтэй суралцаж буй оюутан хичээлийн жилийн улирал эхлэхээс өмнө бичгээр хүсэлт гаргасан, тухайн улирлын хичээл сонголт хийгээгүй тохиолдолд урьдчилж сургалтын төлбөр төлсөн бол төлбөрийг 100% буцааж олгоно.

4.3.5.3. Хичээлийн жилийн улирал эхэлснээс хойш бичгээр хүсэлт гаргасан, хичээл сонголт хийсэн тохиолдолд суралцсан хугацааны  төлбөрийг суутгуулан, тухайн улирлын суралцаагүй үлдсэн хугацааны төлбөрийн 90%-ийг буцааж олгоно. Тухайн улирлын төлбөрөөс илүү төлсөн төлбөрийг 100% буцааж олгоно.

4.3.5.4. Оюутан эрүүл мэндийн шалтгаанаар буюу бусад хүндэтгэх шалтгаанаар сургуульд үргэлжлүүлэн суралцах боломжгүй болсон нөхцөлд бичгээр гаргасан хүсэлт, уг шалтгааныг нотлох баримтыг үндэслэн захирлын тушаал гарган сургалтаас чөлөөлж, суралцсан хугацааны төлбөрийг суутгуулан, үлдсэн хугацааны төлбөрийг 100% буцааж авна.

4.3.5.5. Жилийн чөлөө авсан оюутны суралцсан хугацааны төлбөрийг тооцож илүү төлбөрийг илүү төлөлтөөр бүртгэнэ. Илүү төлөлтийг жилийн чөлөөнөөс үргэлжлүүлэн суралцах үед нь төлбөл зохих сургалтын төлбөрөөс нь хасаж тооцно.

4.3.5.6 Хичээлийн жилийн улирал эхэлснээс хойш жилийн чөлөө авсан оюутан жилийн чөлөөнөөс үргэлжлүүлэн суралцахдаа улирлын эхнээс дахин сонголт хийж, сонгосон кредитийн төлбөрийг төлнө.

4.3.5.7. Жилийн чөлөө авсан оюутан суралцсан хугацааны төлбөрөөс илүү төлөгдсөн сургалтын төлбөрөө буцаан авах хүсэлт гаргасан тохиолдолд 4.3.5.1-4.3.5.7-р заалтуудыг мөрдөг болгоно.

4.3.6. Сургалтын үргэлжлэх хугацаа нь хичээлийн жилийн нэг улиралд 15 долоо хоног байна.

4.3.7. Сургуулиас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан оюутны суралцсан хугацааны сургалтын төлбөрийн тооцоо хийхдээ тухайн улиралд сонгосон нийт кредитийн төлбөрийг сургалтын үргэлжлэх хугацаанд хувааж тооцно.

4.3.8. Санхүүгийн алба нь оюутны сургуулиас чөлөөлөгдсөн тухай тушаал, холбогдох нэгжүүдээр зуруулсан тойрох хуудас, төлбөр төлсөн баримтын эх хувь, төлбөрийн үлдэгдлийг буцаан авах өргөдөл зэргийг хянаж баталгаажуулан сургуулийн удирдлагад танилцуулан батлуулж, төлбөрийн буцаалтыг сар бүрийн 10, 25-нд олгоно.

4.3.9. Төлбөрийн буцаалтыг оюутан өөрөө буюу итгэмжлэгдсэн хүн нь биеийн байцаалттай ирж хүлээн авна.

Тав. Бусад зүйл
 

5.1. Оюутны нэг хичээлийн кредит шууд тооцох шалгалтын төлбөр нь тухайн хичээлийн жилийн кредитийн төлбөрийн 0,33 хувьтай тэнцэнэ.

5.2. Кредит шууд тооцох шалгалтад амжилтгүй дүн үзүүлсэн бол тухайн шалгалтын төлбөр буцаагдахгүй, кредитийн төлбөрөө бүтэн төлж хичээл сонголтоо хийнэ.

5.3. Гадаад хэлний түвшинг баталгаажуулах Олон улсын шалгалтын дүнг үндэслэн “Кредит шууд тооцуулах журам”-ын дагуу хичээлийн кредитийг шууд тооцуулсан бол зохих хураамж төлнө.

5.4. Зайны сургалтад хамрагдах оюутны судлах нэг кредит цагийн үнэлгээг хичээлийн жилд мөрдөх тухайн хөтөлбөрийн кредитийн үнэлгээг 1.5 дахин үржүүлж тооцно.

5.5. Гадаад оюутны судлах нэг кредит цагийн үнэлгээг хичээлийн жилд мөрдөх тухайн хөтөлбөрийн кредитийн үнэлгээг 2 дахин үржүүлж тооцно. /Шууд тооцох шалгалтын төлбөр хамаарна/

5.6. Магистр, доктор, бакалаврын оройн сургалтад суралцагчидтай сургалтын төлбөрийн тооцоо хийхдээ энэхүү журмын тохирох заалтыг баримтална.