Дээшээ

Ерөнхийлөгчийн мэндчилгээ


     35 жилийн хөгжлийн түүхтэй Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийг XX болон XXI зууныг дамнуулан дэлхийн хөгжлийн даяаршлын эрин үед удирдаж байгаа нь миний хувьд хүндтэй үүрэг билээ. Манай сургууль 1979 онд үндэс сууриа тавьж, үүсэн байгуулагдсан цагаасаа хойш 19358 мэргэжилтнийг төгсгөн гаргаж, бакалавр, магистр, докторын төвшинд орос, англи, герман, франц, хятад, солонгос, япон хэлээр сургалт-судалгаа явуулдаг үндэсний хэмжээний их сургууль болон өргөжлөө.
 
    Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль нь олон улсын жишигт нийцсэн хөтөлбөрөөр сургалт, судалгаа явуулах, хамтын ажиллагаатай гадаадын их сургуулиудтай хамтран судалгааны шинэлэг төслүүд хэрэгжүүлж, Азийн бүс нутгийн улс орнуудын ижил төстэй их сургуулиудын дунд эрдэм судлалын чадавхиа дээшлүүлж, тэдгээрийн зэргэмжид хүрэхийг зорьж байна. Ази-Номхон Далайн Орнуудын Дээд Боловсролын Чанарын Сүлжээний гишүүн сургуулийн хувьд Ази болон бусад бүс нутгийн хэмжээнд дээд боловсролын болон эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийг эрмэлзэж байгаа билээ.
 
    ХИС-ийн эрдэмтэн багш, судлаачдын баг олон улсад өрсөлдөх оюуны өндөр чадвартай мэргэжилтэн бэлтгэх хүмүүнлэг үйлсийн зорилгоо биелүүлж дэлхий нийтийн хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах эрхэм үүргээ гүнээ ухамсарлаж байна.

 

Ирээдүй өөд хамтдаа хөгжицгөөе!

Академич Б.ЧУЛУУНДОРЖ