Дээшээ

Хичээлийн байрны тухай


ХИС-ийн хичээлийн байрны тухай

Шинэ байрны тухай танилцуулга

Номын худалдаа ба брэнд бүтээгдэхүүний худалдаа

Зураг

Хичээлийн байрны дүрэм, журам

Захирлын 2015 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн

30 тоот тушаалын хавсралт

ХҮМҮҮНЛЭГИЙН УХААНЫ ИХ СУРГУУЛИЙН ХИЧЭЭЛИЙН БАЙРНЫ

ДОТООД ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1 Хүмүүнлэгийн ухааны их сургууль /цаашид “сургууль” гэх/-ийн хичээлийн байрны дотоод журам /цаашид “журам” гэх/-аар сургуулийн хичээлийн байранд баримтлах дэг, хичээллэх журамтай холбогдон үүсэх харилцааг зохицуулна.

1.2 Энэхүү журмыг сургуулийн нийт багш, ажилтнууд болон суралцагчид дагаж мөрдөнө.

1.3 “Хичээлийн байр” гэдэгт багш, ажилтнууд, суралцагчидын сурч, ажиллах хэвийн нөхцлийг хангахуйцаар зохион байгуулагдсан өрөө, анги танхим, лаборатори, кабинет, ариун цэврийн өрөө, коридор, номын сан, хоолны газрын талбайг ойлгоно.

1.4. Нэр томъёо:

      “танхайрах буюу нийгмийн хэв журмыг зөрчих” гэдэгт хэрүүл маргаан үүсгэх, бусдыг өдөж хоргоох, олон нийтийг илтэд үл хүндэтгэн элдэв цээртэй хараалын болон бусдын нэр төрийг басамжлан доромжилсон үгийг ичгүүргүйгээр зарлан түгээх, бусдыг доромжилох, гүтгэх, бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаах, эдгээр шинжийг агуулсан захиа, дүрс илгээх, дамжуулах, бусад руу хүч хэрэглэн довтлох, зодох, ингэхдээ элдэв юмсыг эсхүл зэвсэг хэрэгсэл түүнтэй адилтгах зүйлсийг хэрэглэх, хэрэглэхээр завдах эсхүл үүнийгээ хатуу ширүүн үгээр илэрхийлэн орчны хүмүүсийг айлган сүрдүүлж түгшээх, жигшил дургүйцлийг төрүүлэх зэргээр хэрцгий догшин авирлан нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчсөн шууд санаатай үйлдлийг;

      “ялгаварлан гадуурхах” гэдэгт арьс үндэс, арьсны өнгө, хүйс шашин шүтлэг, улс төрийн үзэл бодол, үндэс угсаа буюу нийгмийн гаралд үндэслэн ажил мэргэжил, хөдөлмөр эрхлэлт, хичээл сургалтын явцад тэгш боломж, хандлагыг үгүйсгэх, эсхүл зөрчихөд хүргэж байгаа аливаа ялгаварлан гадуурхах, хавчин гадуурхах, эсхүл давуу байдал олгох үйлдлийг

      “хүндэтгэн үзэх шалтгаан” гэдэгт өлгүүрчин ажлын байрандаа байгаагүйн улмаас гадуур хувцасаа өлгүүлж чадаагүй, хувийн зайлшгүй шалтгаанаар малгай, нарны шил зүүх шаардлагатай болсон тохиолдлыг;

      “сургуулийн эд хөрөнгө” гэдэгт сургуулийн эзэмшил, санхүүгийн тайлан тэнцэл, бүртгэлд байгаа өөрийн бүх эд хөрөнгийг;

      “зориулалтын бус газар” гэдэгт хог хаягдал хадгалах зориулалтын цэг буюу хог хаягдал цуглуулах зорилгоор байгуулсан зориулалтын сав, байгууламжаас бусад газрыг;

      “сургуулийн ойр орчин” гэдэгт сургуулийн байрнаас 500 метрийн доторх талбайг ойлгоно.

Хоёр. Хичээлийн байранд баримтлах дэг

2.1. Хичээлийн байранд дараах үйлдэл, үйл ажиллагааг хориглоно. Үүнд:

2.1.1. Багш, ажилтан, суралцагчийн ёс зүйн дүрэм зөрчих;

2.1.2. Хүндэтгэн үзэх шалтгаантайгаас бусад тохиолдолд малгай, нарны шил, гадуур хувцастай явах;

2.1.3. Танхайрах буюу нийгмийн хэв журмыг зөрчих;

2.1.4. Ялгаварлан гадуурхах;

2.1.5. Зориулалтын бус газар хог хаягдал хаях, цонхны тавцан, ширээн дээр суух, сургуулийн эд хөрөнгө дээр ямар нэг зүйл бичих, тэмдэглэх, зурах, наах гэх зэргээр сургуулийн эд хөрөнгийг гамгүй эдэлж, эвдэлж, гэмтээх, сүйтгэх, ашиглах боломжгүй болгох;

2.1.6.Тэсэрч дэлбэрэх бодис тэсэлгээний хэрэгсэл, галт зэвсэг, амьсгал боогдуулах, нулимс асгаруулах бодис оруулах, авч явах, хадгалах;

2.1.7. Ажлын зайлшгүй шаардлагатай нөхцлийн дагуу хэрэглэж байгаагаас бусад тохиолдолд хутга, мэс, бусад хүйтэн зэвсгийг зэвсгийн чанартайгаар биедээ авч явах;

2.1.8. Ажлын болон хичээл сургалтын цагаар бусдад саад болох, ажил хичээлийн хэвийн үйл ажиллагааг тасалдуулах, ажлын өрөө, хичээлийн анги танхимд зөвшөөрөлгүй нэвтрэх;

2.1.9. Хичээл сургалтын үйл ажиллагааны явцад бусдад саад болохуйц чанга дуугаар ярих, чимээ шуугиан гаргах, гүйх, дуу хөгжим чанга дуугаргах, гар утсаар ярих, бохь зажлах, хүнсний зүйлс хэрэглэх;

2.1.10. Сургуулийн захиргаа, холбогдох албан тушаалтны бичгийн зөвшөөрөлгүйгээр хичээлийн байрнаас сургуулийн эд хөрөнгө зөөх, шилжүүлэх, авч гарах;

2.1.11. Хичээлийн хуваарьт өрөөг дур мэдэн солих, зориулалтын бусаар ашиглах;

2.1.12. Хичээлийн байранд болон сургуулийн ойр орчинд мансууруулах бодис, согтрууруулах ундаа хэрэглэх, уух, худалдах, дамжуулах, бэлэглэх, согтуугаар хичээлийн байранд нэвтрэх, сэлгүүцэх;

2.1.13. Түргэн тусламж, цагдаа, гал усны аюулд тусламж дуудахаас бусад хэрэгцээнд жижүүрийн утас ашиглах;

2.1.14. Цонх, салхивч, усны цорго онгорхой орхих;

2.1.15. Хууль тогтоомж, нийгмийн хэв журам, сургуулийн дүрэм, журам, зааврыг зөрчих, сургалтын шинжлэх ухааны үзэл баримтлалын эсрэг чиглэсэн ухуулга, сурталчилгаа явуулах;

2.1.16. Сургуулийн захиргааны зөвшөөрөлгүй хичээлийн байранд жагсаал, цуглаан зохион байгуулах;

2.1.17. Зөвшөөрөгдсөнөөс бусад газарт худалдаа, үйлчилгээ явуулах;

2.1.18. Хичээлийн байрны цахилгаан ба сантехникийн тоног төхөөрөмжийг дур мэдэн оролдох, өөрчлөх, солих, салгах;

2.1.19. Хичээлийн хуваарь зөрчсөн, хуваарьт ангидаа хичээл ороогүй, хожимдож орсон, түрүүлж завсарлах;

2.1.20. Сургалтын асуудал хариуцсан мэргэжилтэн болон захирлын зөвшөөрөлгүйгээр хичээлийн цагаар багш, суралцагчийг хичээл таслуулж дуудах, өөр ажил хийлгэх;

2.1.21. Оройн 21 цагаас хойш болон амралт, баяр ёслолын өдөр багшгүй эсхүл сургуулийн захирлын бичгээр өгсөн зөвшөөрөлгүй хичээлийн байранд ямар нэг үйл ажиллагаа явуулах;

2.1.22. Захирлын зөвшөөрөлгүйгээр анги танхимыг сургалтын бус зориулалтаар болон тухайн сургуулийн бус хүмүүст ашиглуулах;

2.1.23. Сургуулийн бус хүмүүсийг зөвшөөрөлгүйгээр хичээлийн байранд оруулах;

2.1.24.Тамхи татахыг хориглосон анхааруулах тэмдэг бүхий газар болон сургууль дотор, сургуулийн ойр орчинд утаат тамхи татах;

2.2. Сургуулийн багш, ажилтан, суралцагч нь дараах үүрэгтэй:

2.2.1. Хичээлийн байрны журам зөрчсөн этгээдэд шаардлага тавих, зөрчлийг арилгуулах;

2.2.2. Хичээлийн байранд орохдоо шаардлагатай бол ажлын үнэмлэх, бичиг баримтаа жижүүрт шалгуулах;

2.2.3. Хичээлийн байрны ариун цэврийг сахих, сургуулийн эд хөрөнгийг ариг гамтай ашиглах, хэрэглэх, бүрэн бүтэн байдалд нь хяналт тавих;

2.2.4. Сонор сэрэмжтэй байж аливаа осол, зөрчил, аюул бүхий байдлыг мэдсэн даруйдаа холбогдох албан тушаалтан, хичээлийн байрны зохицуулагч болон жижүүрт шуурхай мэдэгдэх;

2.2.5. Сургуулийн эд хөрөнгийг шилжүүлэн зөөх, гадагш авч гарах тохиолдолд тухайн эд хөрөнгийг хариуцсан хүмүүст бүртгүүлж гарын үсэг зурж баталгаажуулах;

2.2.6. Хичээлийн байранд орой 21.00 цагаас хойш болон амралт, баяр ёслолын өдөр ажиллах шаардлагатай бол сургуулийн захиргаа, холбогдох албан тушаалтнаас заавал бичгээр зөвшөөрөл авах;

2.2.7 Хичээл сургалтын болон ажлын цаг дууссаны дараа багш, ажилтан нь тухайн анги танхим, өрөө тасалгааны техникийн аюулгүй байдлыг шалган, цоожилж /лацдаж/, түлхүүрийг нь жижүүрт хүлээлгэн өгөх;

Гурав. Хичээллэх журам

3.1. Сургуулийн хичээл, сургалтын ажил нь сургалтын төлөвлөгөөний дагуу хуваарилсан анги, танхимд явагдана. Хичээлийн цагийн хуваарийг хагас жил тутамд зохиох ба хичээл эхлэхээс 7 хоногийн өмнө Сургалт, судалгааны хөгжил, аудитын үйлчилгээний алба (ССХАҮА)-аас гаргасан байна.

3.2. Хичээлийн үргэлжлэх хугацаа 90 минут, хичээл хоорондын завсарлага 10 минут байна.

3.3. Багш, суралцагчад хичээл эхлэхээс 10 минутын өмнө ирж, хичээлийн бэлтгэлээ бүрэн хангасан байна.

3.4. Туслах ажилтан хичээл эхлэхээс 10 минутын өмнө ирж тухайн хичээлд шаардлагатай техник хэрэгсэл, үзүүлэн материал, техник хэрэгсэл, гарын авлага зэргийг хичээлийн өрөө, анги, танхимд бэлэн байлгах үүрэгтэй.

3.5. Хичээлд гадны хүн суух бол ССХАҮА-ны даргын зөвшөөрлийг бичгээр заавал авна.

3.6. Шаардлагатай тохиолдолд тэнхимийн эрхлэгч хуваарьт хичээлийг өөр багшаар заалгаж, ССХАҮА-ны даргын зөвшөөрөлтэйгээр хичээлийн хуваарийг өөрчилж болно. Хичээлийн явцыг ССХАҮА болон тус албаны менежер хянана.

3.7. Анги бүр захирлын тушаалаар томилогдсон зөвлөх багштай байна. Зөвлөх багш нь тухайн ангийн суралцагчдад сурлага, соёл, хүмүүжлийн талаар зөвлөгөө өгөх үүрэгтэй.

Дөрөв. Хариуцлага

4.1. Энэхүү журмыг зөрчсөн этгээдэд холбогдох хууль тогтоомж, дүрэм, журмын дагуу захирлын тушаалаар зохих хариуцлагыг хүлээлгэнэ.

4.2 Сургуулийн эд хөрөнгийг эвдэж, гэмтээсэн болох нь холбогдох баримтаар тогтоогдсон бол тухайн эвдэж, гэмтсэн эд хөрөнгийг зах зээлийн ханшнаас 3 дахин нэмэгдүүлсэн үнээр төлүүлнэ.

4.3. Хичээлийн байранд гэмт хэргийн шинжтэй үйлдэл гаргасан этгээдийг харьяалагдах цагдаагийн байгууллагад мэдэгдэж, шилжүүлж өгнө.

4.4. Хичээлийн байранд согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг цагдаагийн албан хаагчид хүлээлгэн өгнө.

Номын сангийн журам

ХИС-ийн Захирлын 2010 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн

180 тоот тушаалын хавсралт.

ХҮМҮҮНЛЭГИЙН УХААНЫ ИХ СУРГУУЛИЙН НОМЫН САНГИЙН ДҮРЭМ

Нэг. Ерөнхий зүйл

Номын сан нь мэргэжилтэн бэлтгэх сургуулийн чиглэлийн дагуу өөрийн болон гадаад орны чухал шаардлагатай ном, сурах бичиг, хичээлийн хэрэглэгдхүүнийг цаг тухайд нь номын фондоо баяжуулдаг сургалт, эрдэм шинжилгээ, соёл гэгээрлийн нэгж мөн. Номын санг номын сангийн зөвлөл заах арга зүйн талаас нь удирдаж, шинэ ном авах, дотоод ажилд хяналт тавьж ажиллана.

Хоёр. Номын сангийн ажлын зорилго

Профессор, багш, аспирант, магистрант, оюутан, ажилтан багш нарт хэрэгцээт ном сурах бичиг, электрон каталоги, нөөцийн төвийн компьютерээр мэдээллийн үйлчилгээ эрхэлж мэдээлэл түгээнэ. Мэргэжлийн чиглэлийн болон шинэ ном зохиол, сурах бичгийг сурталчлах, ном зүйн лавлагаа өгч шуурхай үйлчилгээ зохион байгуулах зорилготой.

Гурав. Уншигчийг бүртгэх журам

Тус сургуулийн бүх багш, ажилтан, оюутан, аспирант, магистрант, докторантыг сургуулиас олгосон үнэмлэх болон холбогдох бичиг баримтыг үндэслэн уншигчаар бүртгэж ном, мэдээллийн хангамжийн үйлчилгээ үзүүлэнэ.

      Гадаадын мэргэжилтэн багш, оюутан магистрант, докторант нар болон цагийн багш нарт холбогдох тэнхим салбарын зөвшөөрлөөр уншигчийн карт нээж үйлчилнэ.

Дөрөв. Уншигчийн эрх, үүрэг

Уншигч нь номын сангийн ном, сурах бичиг, бусад мэдээллийн үйлчилгээгээр тогтмол үйлчлүүлэх эрхтэй. Уншигч номын сангийн талаархи үйлчилгээ, ном хангамжийн талаархи санал хүсэлтээ номын сангийн зөвлөл, МҮТ-ийн эрхлэгчид илэрхийлж байх эрхтэй.

      Уншигч нь номын сангаар үйлчлүүлэхдээ үйлчилгээний картаа шалгуулж, холбогдох бичиг баримттайгаа ирж номын сангийн үйлчилгээний журмын дагуу үйлчлүүлнэ. Номын сан нь багш нарт 10, оюутанд 5 хүртэлх номыг нэг удаагийн олголтоор өгнө. Уншигч нь номын сангаас авсан номыг авахдаа хуудас бүрэн эсэхийг шалган авч, шалгуулан өгч байна.

      Уншигч нь ном хэвлэлийг алдаж, үрэгдүүлж, гэмтээсэн тохиолдолд "Алдсан буюу гэмтээсэн ном хэвлэлийг төлүүлэх журам" - ын дагуу төлж, номын санг хохиролгүй болгоно.

      Уншигч нь өөр газар шилжих, амралт буюу түр хугацаагаар чөлөө авах, ажил, сургуулиас халагдсан тохиолдолд номын сантай заавал тооцоо хийх зэрэг үүргийг хүлээнэ.

Тав. Уншигчдад үйлчлэх журам

  1. Номын сангийн фондод байгаа ном, сурах бичгийн хангамж, хэрэгцээ, нөөцөөс шалтгаалан гэрээр буюу уншлагын заалаар ном олгож үйлчилнэ.

а/. Ховор цөөн хувьтай ном, лавлах толь бичгүүдийг уншлагын танхимаар

б/. Олон хувьтай ном болон өдөр тутмын хичээлд хэрзглэгдэх сурах бичгүүдийг гэрээр олгож үйлчилнэ.

в/. Уншигч ном аваад тогтоосон хугацаа хэтрүүлсэн тохиолдолд ном авах эрхийг 1-6 сар хүртэл хасна.

  1. Хичээлийн жилийн эцэст номын тооцоо хийгээгүй, тойрох зуруулаагүй багшид дахин номоор үйлчлэхгүй эрхийг нь хасна.

Зургаа. Хориглох зүйл

  • Уншлагын танхмийн ном хэвлэлийг гадагш авч гарах
  • Номын санд хог хаях, тамхи татах
  • Номын санд гар утсаар ярьж бусдад саад болох
  • Номын санд гадуур хувцас, хүнсний зүйлтэй орох түүнийг идэх, бохь зажлах, ноцолдох болон зүй бусаар авирлах зэргийг хатуу хориглоно.
  • Нөөцийн төвийн компьютерийн эд ангиар оролдох, түүн дээр зурах, бичих
  • Нөөцийн төвийн компьютеруудыг унтраасан тохиолдолд уншлагын “Б” заалны номын санчаас зөвшөөрөлгүй асаах оролдохыг хориглоно.
  • Компьютерт зөөврийн диск (Flash, CD, Hard disk) хийж холбохыг хориглоно. Зайлшгүй шаардлага гарсан тохиолдолд уншлагын “Б” заалны номын санчаар дамжуулан мэдээллээ авна.
  • Компьютерийн эд анги (ГАР, ХУЛГАНА, ДЭЛГЭЦ, СҮЛЖЭЭНИЙ УТАС салгах зэрэг...) зөөж, өөр хооронд нь солихыг хориглоно. Зайлшгүй тохиолдолд номын санчид хандана.

Долоо. Зөрчил гаргасан тохиолдолд хүлээх хариуцлага

  • Номын сан, нөөцийн төвөөр үйлчлүүлж буй хэн боловч номын санчийн дээрх журманд заагдсан шаардлагыг хүлээн зөвшөөрч, шаардлагыг хүлээн авах
  • Шаардлага биелүүлээгүй тохиолдолд тухайн багш болон оюутны номын сангаар үйлчлүүлэх эрхийг 1 сараас 1 семестрийн турш хасах буюу гаргасан зөрчилөөс хамааруулж авсан арга хэмжээг МҮТ-ийн эрхлэгчид мэдэгдэх.
  • Техник хэрэгсэл болон бусад эд ангид хохирол гэмтэл гарсан нь баримтаар тогтоогдож тухайн эд ангийг эвдэгч этгээд болон хариуцлага алдсан хэн боловч (багш, оюутан, ажилтан) тухайн үеийн зах зээлийн ханшаар 3 дахин нугалж төлж хохирлыг барагдуулна.

Лабораторийн журам

ХИС-ийн Захирлын 2010 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн

180 тоот тушаалын хавсралт.

КОМПЬЮТЕРИЙН ЛАБОРАТОРИЙН ДОТООД ЖУРАМ

Нэг. Компьютерийн лабораторид баримтлах дэг

1.1. ХИС-ийн компьютерийн лабораториуд нь хичээлийн шаардлага, сургалтын хэвийн үйл ажиллагаа явуулах техник, тоног төхөөрөмж, програм хангамжаар хангагдсан байна.

1.2. Багш, оюутнууд нь ашиглах байгаа компьютер техник хэрэгсэл, ширээ сандалыг зориулалтаар нь ашиглаж, ариг гамтай хэрэглэх үүрэгтэй.

1.3. Хичээл орж буй багш хичээлийг үр дүнтэй явуулах нөхцлийг бүрдүүлж, компьютер техник хэрэгсэлийг зориулалтаар нь ашиглахад байнга хяналт тавих ба сургалтын компьютерийг үндсэн хичээлээс өөр зориулалтаар ашиглахгүй байх ёстой.

1.4. Хичээлийн цаг дууссаны дараа хичээл орж буй багш арга зүйч багштай лабораторийн техник хэрэгслийг хүлээлгэн өгч, хяналтын дэвтэрт гарын үсэг зурна.

1.5. Багш хичээлд холбогдолтой хичээлийн туслах материал, програм хангамжийг арга зүйч багшид урьдчилан мэдэгдэж хичээлийн бэлтгэлээ сайтар хангуулах эрхтэй.

1.6. Тухайн хичээл орж байгаа багш, оюутан нар лабораторын дотоод журам, тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааны заавар болон ажиллуулах зөвлөмжтэй заавал танилцаж бүрэн биелүүлж ажиллах ёстой.

1.7. Хичээлийн шаардлагын дагуу арга зүйч багшаас нэмэлт төхөөрөмж болон элемент авсан тохиолдолд бүрэн бүтэн буцааж өгнө.

1.8. Лабораторид хичээлийн хуваариас гадна өөр бусад тохиолдолд ажиллахдаа тэнхим болон салбар нэгж, арга зүйч багшаас бичгээр зөвшөөрөл авсан байна.

Хоёр. Хориглох зүйл

2.1.  Лабораторид гадуур хувцас, хоол, хүнсний зүйлтэй орох, бохь зажлах, ноцолдох болон зүй бусаар авирлах зэргийг хатуу хориглоно.

2.2.  Хичээлийн цагаар багшийн зааснаас өөр зүйл хийх, компьютерийн эд ангиар оролдох, түүн дээр зурах, бичихийг хатуу хориглоно.

2.3. Лабораторийн компьютертуудыг хичээл орох багш болон арга зүйч багшийн зөвшөөрөлгүй асаах, оролдох, компьютерт зөөврийн диск (flash, CD, hard disk) хийж холбох, компьютерийн эд анги (гар, хулгана, чихэвч, дэлгэц бусад...) зөөж, өөр хооронд нь солихыг хориглоно. Зайлшгүй тохиолдолд арга зүйч багшид хандана.

Гурав. Зөрчил гаргасан тохиолдолд хүлээлгэх хариуцлага

3.1.  Тус журмын 1.1 –дэх заалт зөрчигдөж байгаа тохиолдолд холбогдох албад болон захиргаанд бичгээр уламжлан цаг үеийн арга хэмжээ авхуулах.

3.2. Арга зүйч багшийн зүгээс дээрх журмын дагуу тавигдах шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд тухайн багш, оюутныг МТА-нд мэдээллэж, хичээлийн хуваарийг солилуулах, техникийн гэмтэл гарсан тохиолдолд тэр даруй холбогдох албадад мэдээллэж газар дээр нь арга хэмжээ авч баримтжуулна.

3.3.  Компьютерийн техник хэрэгсэл болон тэдгээрийн эд ангид гэмтэл гарсаныг баримтаар тогтоох бөгөөд тус гэмтэлд буруутай этгээдээр гарсан хохиролыг тухайн үеийн зах зээлийн ханшаас гурав нугалсан үнээр төлбөр гаргуулж хохирлыг барагдуулна. Мөн эрчим хүч тасалдсан, ус алдсан, гал түймэр гарсан гэх мэт бусад шалтшаанааны улмаас гарсан хохиролыг баримтжуулж сургуулийн захиргаа зохих журмаар шийдвэрлэнэ.

Биеийн тамирын зааланд мөрдөх журам

  1. Зааланд биеийн тамирын хичээл спортын секц, дугуйлан болон гэрээгээр үйлчлүүлэгч нар нь биеийн тамир спортод зориулсан форм тогтмол хэрэглэхийг шаардана
  2. Заалын тоглолтын талбайгаар гадуур хувцас, гадуур өмссөн гуталтай явахыг хориглоно.
  3. Согтууруулах ундаа хэрэглэсэн, дотор нь хэрэглэхийг хориглох бөгөөд тухайн хүнд үйлчлэхгүй болно.
  4. Тамхи татах, ус ундааны сав, хог цаасыг зориулалтын саванд хийхгүй ил хаяхыг хориглоно.
  5. Спортыг тоног төхөөрөмж бөмбөгийг зориулалтаар нь ашиглах бөгөөд хананы цаг, цонх, хана руу шидэх, өшиглөхийг хориглоно.
  6. Түрээслэгч байгуулага нь гэрээнд заасан хуваарийн дагуу орж, гарах бөгөөд цагаас хожимдож орсон хугацааг нөхөж сунгахгүй.
    • Зөвхөн түрээслэгч байгуулагын 15 аас дээшгүй ажилтан, албан хаагч орох ба өөр байгуулага оруулах хамтарч орохийг хориглоно.
    • Заалны дотор эд хогшил тоног төхөөрөмж эвдэж, гэмтээх
    • Спортын хэрэглэл материал авч явах, үрэгдүүлэх, дутаах зэрэг хохирол гаргавал 3-5 дахин өсгөж төлүүлэх.
  7. Дээрх зөрчлийг гаргасан түрээслэгч байгуулага хамт олноор хохиролыг бүрэн төлүүлэж, гэрээг цуцлах болно.