Дээшээ

ХИС-ийн тухай


ХИС-­ийн тухай

     Монгол орны хөгжил, цэцэглэлтэд хувь нэмрээ оруулсаар ирсэн, мэргэжлийн чадварлаг боловсон хүчин бэлтгэгч 35 жилийн түүхтэй Хүмүүнлэгийн ухааны их сургууль нь сургалтын өндөр чанарыг эрхэмлэдэг, дэлхий дахины боловсролын чиг хандлагад нийцсэн нэр хүндтэй их сургууль билээ.

     Бид Азийн тэргүүлэгч их, дээд сургуулиудын боловсролын жишиг, шаардлагад нийцсэн сургалт явуулах зорилгоор Ази, Номхон далайн Дээд боловсролын Чанарын сүлжээний зөвлөлд гишүүнээр элсээд 15 жил болж байна.

    Түүнчлэн сургалтын үйл ажиллагааг байнга боловсронгуй болгох, олон улсын төвшинд дээд боловсролын үйл ажиллагаанд идэвхтэй оролцох, эрдэмтэн судлаач, багш нараа энэхүү байгууллагын сургалт, судалгааны ажилд хамруулах нөхцөл бүрдүүлэхийн тулд Олон улсын их сургуулиудын Холбооны гишүүн байгууллага болсон.

Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн түүхэн замнал

    Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль нь Монгол Улсад дээд боловсролын байгууллагыг хувийн хэвшилд амжилттай шилжүүлсэн шилдэг жишээний нэг болсон тул сургалтын чанар, байгууллагын зохион байгуулалтад гаргасан ахицыг бусад сургуульд түгээх үүднээс Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны яамнаас 2010 онд Дархан хотын Хүмүүнлэгийн ухааны сургуулийг салбар сургууль, 2010 онд Билиг дээд сургууль, 2014 онд Далай ван дээд сургуулийг ХИС-ийн харьяа сургуулиар ажиллуулахаар шийдвэрлэсэн юм.

Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль байгуулагдсан цагаасаа хойш 2014 оны байдлаар 14411 бакалавр, 4849 магистр, 98 докторын зэрэгтэй дээд мэргэжилтэн төгсгөж гаргаад байна.

     2014-2015 оны хичээлийн жилд Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн 184 багш, ажилтан эрдмийн 60 гаруй хөтөлбөрийг бакалаврын 3054 оюутан, 439 магистрант, 150 докторантыг танхимаар суралцуулснаас гадна, судалгааны ажилд хамтран ажиллаж байна. ХИС-ийн бүрэлдэхүүний орон нутгийн 3 сургуульд 128 багш, ажилтан бакалаврын 976 оюутан, 271 магистрантын сургалт, судалгааны ажлыг удирдан явуулж байна.

Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль нь 2006 оны 4-р сарын 11-нд Ази, Номхон далайн орнуудын “Дээд боловсролын Чанарын сүлжээ”-ний гишүүн болсноор сургалт, судалгааныхаа ажлыг улам чанаржуулж, дэлхийн төвшинд хүргэхийг эрмэлзэж  байна.

  • 1979. 36 жилийн тэртээ МУИС-ийн Орос хэлний салбар, Улсын багшийн дээд сургуулийн Орос хэлний факультетэд түшиглүүлэн МУИС-ийн бүрэлдэхүүнд Орос хэлний институт (ОХИ) байгуулсан нь одоогийн Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн үндэс суурь болсон юм. ОХИ-ийн 2 факультетийн 39 багш, 20 ажилтан орчин цагийн орос хэлний авиа зүй, яриа, бичгийн дадлага, орчуулгын онол, сурган заах аргазүй, утга зохиолын хичээлийг 498 оюутанд зааж эхэлжээ.
  • 1982. МУИС-ийн бүрэлдэхүүнээс ОХИ-ийг салгаж, бие даасан Орос хэлний багшийн дээд сургууль байгуулжээ.
  • 1990. Гадаад хэлний дээд сургууль болгон байгуулж, орос хэлээс гадна англи, герман, франц, хятад, япон, солонгос хэлний багш, орчуулагчийн хөтөлбөрөөр сургалт явуулж эхэлсэн.
  • 1994. Хөрвөх чадвартай мэргэжилтний эрэлт нэмэгдсэнтэй холбоотойгоор гадаад хэлийг бусад мэргэжлийн хөтөлбөртэй хослуулан, Аялал жуулчлал-Япон хэлний орчуулагч, 1997 оноос Эдийн засаг-Герман хэлний орчуулагч, 2004 оноос Аялал жуулчлалын менежмент-Франц хэлний орчуулагч, Олон улсын бизнесийн удирдлага- Англи хэлний орчуулагчийн бакалаврын хөтөлбөрөөр сургалт явуулах болсон. Манай сургуулийг давхар мэргэжлээр суралцан төгсөгчдөд ажлын байр олдоц сайтай байдаг.
  • 1996. Гадаад хэл шинжлэл, боловсрол судлалын магистрын, 1999 оноос гадаад хэл шинжлэл, боловсрол судлалын докторын сургалтын хөтөлбөр эхлүүлсэн нь манай сургуулийн эрдмийн чадавхийг тасралтгүй нэмэгдүүлж байна.
  • 1999. Монгол улсад хүмүүнлэгийн салбарыг хөгжүүлэх зорилгын хүрээнд Гэгээрлийн яамны шийдвэрээр тус сургуулийн хөтөлбөрийг өргөжүүлэн Хүмүүнлэгийн Уааны Их Сургууль байгуулав.
  • 1999. 2007. Боловсролын Магадлан итгэмжлэлийн Үндэсний зөвлөлөөс 1999 онд анх удаа, 2007 онд хоёр дахь удаагаа дээд боловсролын магадлан итгэмжилснээр ХИС-ийн сургалт, судалгааны чанарт баталгаа өгч, их сургуулийн статусаар үйл ажиллагаа явуулах эрх олгосон юм.

Эрдэм шинжилгээ, судалгаа

Хэл, соёлын сургуулийн эрдэм шинжилгээ, судалгаа

     Хэл, соёлын сургууль Монгол улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны захиалгаар гадаад хэлний боловсролын агуулга, стандарт боловсруулж улмаар Монгол улсын ЕБС-ийн 0-7 түвшний англи хэлний “English” сурах бичиг (ELTONS-ний internationaл nomination хүртсэн), Орос хэлний 1-7 түвшний “Глобус” (Багшийн болон сурагчийн ном), 8-9 түвшний “Русский язык” сурах бичиг, мөн дээд боловсролын сургалтад зориулсан Орчуулгын онол, аргазүй, Хэл шинжлэлийн сурах бичгүүдийг (англи-монгол, монгол-англи, франц-монгол, монгол-франц, герман-монгол, монгол-герман; орос-монгол, монгол орос; хятад-монгол, монгол-хятад; солонгос-монгол, монгол-солонгос; япон-монгол, монгол-япон) боловсруулан гаргасан.

Хэл , соёлын сургуулийн эрдэм шинжилгээ судалгааны ажлыг:

  • Зэрэгцүүлсэн хэл шинжлэл, сэтгэц болон когнитив хэл шинжлэл
  • Орчуулга судлалд орчуулгын прагматик, семантик, референциал онол
  • Боловсрол судлалд боловсролын тогтолцоо, менежмент, чанарын үнэлгээ, сургалтын технологи
  • Харьцуулсан утга зохиол судлал
  • Харьцуулсан соёл судлал
  • Монголын соёл, утга зохиолын хөгжил чиглэлээр хийж байна.

Тархи судлалын лаборатори

   “Brain” лабораторид нейро хэл шинжлэлийн чиглэлээр судалгаа хийж байна. Энэ хүрээнд хүүхдийн тархины хөгжлийн түвшин ба хэлний сэтгэлгээний холбогдлыг судлах улсын төсөл хэрэгжүүлж байна.

Зайны сургалтын лаборатори /KF Global e-School/

2011 оноос БНСУ-ын Чүн-Ан их сургууль Хүмүүнлэгийн ухааны их сургуультай хамтарч солонгос хэл, орон судлал, олон улсын харилцааны хөтөлбөрийг цахим хэлбэрээр явуулж байна.

Бизнесийн сургуулийн эрдэм шинжилгээ, судалгаа

Бизнесийн математик загварчлалын судалгааны төв

    Бизнесийн математик загварчлалын судалгааны баг нь (Б.Чимэд-Очир /ХИС/, Ч.Баттүвшин /ХИС/, Р.Энхбат /МУИС/) нар Монгол улсын валютын ханшны өөрчлөлтийг математик аргаар загварчлах төслийн хүрээнд валютын ханшид нөлөөлөх макро эдийн засгийн хүчин зүйлүүд, тэдгээрийн хоорондын хамаарлыг судлан ханшийн өөрчлөлтөд хамгийн их нөлөөлдөг хүчин зүйлүүдийг тодорхойлох ажил хийж байна. Судалгааны үр дүнд үндэслэн валютын ханшийг бодитой урьдчилан тодорхойлох математик загварыг боловсруулах юм.

Бизнесийн инновацийн төв

     Мэдлэгт суурилсан өнөөгийн глобал зах зээлд шинэ бүтээгдэхүүн, шинэ санаа нь өрсөлдөөний хүчирхэг хэрэгсэл юм. ХИС-ийн Бизнесийн сургууль нь шинэ санаа, шинэ бизнесийн орон зайг тасралтгүй нээн илрүүлэх мэргэжилтэн бэлтгэх зорилгоор Инновацийн төвийг 2005 онд нээн ажиллуулж байна. Энэхүү төвийн хүрээнд оюутнууд дадлага хийх явцад төрсөн шинэлэг санаа, амжилттай ажиллаж байгаа бизнесийн байгууллагуудын бизнесийн загварт дүн шинжилгээ хийж, чөлөөт цагаараа хэлэлцүүлэг хийж, туршлага солилцдог. Улмаар энэхүү төв нь бизнес эрхлэгч, багш эрдэмтэд, оюутан суралцагчдаас бүрдсэн мэдлэгийн хамт олон болон өргөжиж байна.

Орчин судлалын лаборатори

    Тус лаборатори нь 2008 онд Байгаль орчны яамны “Сургалт судалгааны ажлыг боловсронгуй болгох нь“ төслийн хүрээнд байгуулагдан үйл ажиллагаа явуулж байна. Олон улсын чанарын өндөр түвшинд мэргэжлийн лабораторийн орчинд сургалтыг явуулж, зах зээлд хөрвөх чадвартай мэргэжилтэн бэлтгэх, хүний эрүүл мэнд, байгаль орчин, экологийн асуудал хурцдаж буй өнөө үед улсын хэмжээнд орчны бохирдолтод хяналт тавих, хяналтыг нэгдсэн сүлжээнд оруулах, судалгаа шинжилгээний ажлыг дэлхийн жишигт хүргэж ажиллахын тулд уг лабораторийг нарийн мэргэжлийн дэвшилт технологи бүхий найдвартай, аюулгүй ажиллагаатай тоног төхөөрөмжөөр хангасан. Тус лабораторид хөрс, ус, агаар орчны чанарын туршилт судалгаа явуулдаг. Туршилт судалгааны ажлыг магистр, докторын зэрэгтэй мэргэжлийн өндөр ур чадвартай багш, судлаачид удирдан явуулдаг.

    ХИС-ийн Бизнесийн сургууль нь Монгол улсын тогтвортой хөгжил, макро, микро эдийн засаг, уул уурхай, хүрээлэн буй орчны эдийн засаг, үнэлгээ, аялал жуулчлалын бүтээгдэхүүн, баялаг бүтээхүйц нөөц, боловсролын маркетинг зэрэг чиглэлээр судалгааны ажил идэвхтэй явуулж, үр дүнг нь олон улсын эрдэм шинжилгээний хурал, сэтгүүлээр дамжуулан нийтийн хүртээл болгож байна. Жишээ нь, тус сургуулийн профессор Т.Навчаа, С.Эрдэнэтуул нарын судалгааны баг “Ecosystem based river basin management planning in critical water catchment in Mongolia” нийтлэлийг “Geophysical Research Abstracts”. Vol. 16. EGU2014-3821 дугаарт, Р.Цэрэндаваа Герман-Монголын Хөхтөний биологийн нийгэмлэгийн 88 дахь уулзалтад “Density and spatial behaviour of Grey red-backed vole in a montane taiga forest of West Khentey Mongolia” сэдвээр илтгэл тавьж, “Mammalian Biology” 79 (2013) дугаарт хэвлүүлсэн байна.

   2013-2014 оны хичээлийн жилд тус сургуулийн эрдэмтэн багш нар 10 гаруй сурах бичиг, гарын авлага хэвлүүлж сургалтад нэвтрүүлээд байна. Тухайлбал: Г.Зэс-Эрдэнэ “Мэдлэгийн менежмент”, “Хөдөлмөрийн харилцаа” гарын авлага (2014), Д.Энхболд “Ахисан түвшний санхүүгийн бүртгэл: онол ба дадлага” сурах бичиг (2013); Б.Оюунцэцэг “Санхүүгийн бүртгэл” сурах бичиг, “Нягтлан бодох бүртгэлийн үндэс” хичээлийн гарын авлага (2013), Д.Цэрэнханд “Санхүүгийн математик” сурах бичиг (2013), Т.Навчаа ба бусад “Газарзүй VI” 12 жилийн сургалттай ЕБС-ийн 12-р ангийн сурах бичиг (2014); Б.Галбадрах “Микро эдийн засаг-1” гарын авлага (2014); Д.Батсуурь “Бизнесийн статистик” гарын авлага (2014) гаргажээ.

Мэдээлэл харилцааны менежментийн сургуулийн эрдэм шинжилгээ, судалгаа

Математик: Дифференциалчлал, Бизнесийн математикийн загварчлал. Санамсаргүй процессын үл мэдэгдэх параметрын үнэлэлт

Мэдээллийн технологи: Цахим сургалтын мэдээллийн систем, Мэдээллийн системийн интегралчлал, Дүрс боловсруулалт, Зургийн боловсруулалт, Дүрс болон дуу таних систем, Анхдагч бүртгэлийн тоног төхөөрөмж, Онлайн худ алдааны вэб дизайн, Video Art, график дизайны богино хэмжээний кино, дижитал видео эффект ашигласан зохиомжит бүтээл.

Сэтгүүл зүй: Экологийн сэтгүүл зүй, Хэвлэл мэдээллийн хэрэгслийн зар сурталчилгаа, Дата сэтгүүл зүй, Дижитал сэтгүүл зүй, Эрэн сурвалжлах сэтгүүл зүй, Радио сэтгүүл зүй, Сэтгүүлчийн ёс зүй. Хүмүүнлэгийн ухааны их сургуулиас “Хүмүүн Ухаан ” сонин, “Humanities Journal of Education“ сэтгүүл эрхлэн гаргадаг.

Компьютер график, дизайны лаборатори

    2013 онд байгуулагдсан. Wacom зургийн хавтан, Canon Lite Scanner, Digital camera 5D Mark II загварын мэргэжлийн камер, Smart Board /SBX 880I4/ брендийн ухаалаг самбар, мэргэжлийн график дизайны програм бүхий өндөр хүчин чадалтай 20 компьютертэй  тус лаборатори нь мэргэжлээрээ суралцаж буй оюутнуудыг богино хэмжээний уран бүтээл туурвих боломжоор хангадаг.

    Компьютер график, дизайны мэргэжлээр суралцагч оюутнуудаас сүүлийн 3 жил “Алтан хулгана” наадмын шилдгээр тодорч, өөрсдийн бүтээлээр эх орондоо төдийгүй Япон улсын Тохоку мужийн их дээд сургуулиудын санаачилгаар компьютер графикийн чиглэлийн олон улсын их дээд сургуулиудын дунд болдог “Art&Technology-Tohoku” уралдаанд тэргүүн шагнал хүртэж байсан.

Мультимедиа сургалтын төв

     Сургалтын төвийг 2008 онд БНСУ-ын Радио, телевизийн их сургуулийн тусламжтайгаар ашиглалтад оруулж, 2013 онд шинэчлэн аудио бичлэгийн шаардлага хангахуйц стандартад хүргэж, HD бичлэгийн камер, HD дүрс боловсруулах бүрэн хүчин чадалтай компьютер, гэрэл зургийн камер, теле-зам зэргээр нэмэн төхөөрөмжилж Мультимедиа сургалтын төв болгон өргөтгөсөн юм.  

     Тус төвийг түшиглэн Сэтгүүл зүй, медиатехнологийн тэнхимээс Онлайн сэтгүүл зүй, Интерактив мультимедиа, Дижитал дүрс боловсруулах, Орчин үеийн сэтгүүл зүй зэрэг хичээлийг явуулж байна. Оюутнууд тус төвд бэлтгэсэн нийгмийн реклам, радио нэвтрүүлэг, телевизийн нэвтрүүлгээр “Алтан Үзэг” шилдэг бүтээлийн улсын уралдаанд удаа дараа амжилттай оролцож, тэргүүн байруудад шалгараад байна.

http://www.youtube.com/HumanitiesMN цахим хуудаснаас оюутны бүтээлийг үзэж болно.  

Электроникийн лаборатори

2009 онд байгуулагдсан Электроникийн лаборатори нь сургалтын стандартад нийцсэн лабораторийн багаж, тоног төхөөрөмжүүдтэй, интернэтийн өндөр хурдны сүлжээнд холбогдсон. Цахилгаан хэлхээний онол, электроникийн үндэс, аналоги ба тоон электроникийн хичээлээр сургалт, судалгаа явуулах хэмжих багаж хэрэгсэл болон аналоги схем угсрахад шаардлагатай элементүүд, тоон хэлхээний дизайн, микропроцессор бүхий техник, микропроцессорын систем, микроконтроллерт програмчлал, үйлдвэрлэлийн автоматжуулалт, удирдлагын автоматжуулсан систем, тоон сигналын боловсруулалт зэрэг хичээл заахад хэрэглэх микроконтроллер, сургалтын хавтангууд болон багаж тоног төхөөрөмжүүдтэй. Лабораторийг түшиглэн оюутны чөлөөт цагаар хөдөлгөөнт матрицан дэлгэц, проекторын алсын удирдлага, мэдрэгч ухаалаг роботууд, төрөл бүрийн илрүүлэх систем, авто машины зогсоолын автоматжуулалт, дүрс болон дуу таних систем зэрэг автомажуулалтын олон бүтээлийг гүйцэтгэсэн болно.

Олон улсын харилцаа, нийгэм судлалын сургуулийн эрдэм шинжилгээ судалгаа

Тэргүүлэх чиглэлд: Монгол Улсын гадаад бодлогын шинэ парадигм, эдийн засгийн дипломат ажиллагаа, гадаад бодлого, аюулгүй байдал, хөгжлийн шинэ чиг хандлага, Монгол Улсын гадаад бодлогын шийдвэр гаргах механизм

Ерөнхий чиглэлд: Монгол Улсын гадаад бодлого, дипломатын түүх, орчин үе, гадаад худалдаа-эдийн засгийн хамтын ажиллагаа, Их гүрнүүдийн гадаад бодлого, Геополитик ба аюулгүй байдал, Глобал эдийн засгийн харилцаа, Дипломат ба консулын харилцаа, Олон улсын эрхзүй, орон, бүс нутаг судлал, социологи, сэтгэл судлал зэрэг чиглэлд дэмжин ажиллаж байна.  

Олон улс судлалын төв

    Олон улс судлалын төв нь 2013 оны 1-р сард шинээр зохион байгуулагдсан. Үйл ажиллагааны үндсэн чиглэл нь олон улсын харилцаа, олон улсын эдийн засгийн харилцааны тэргүүлэх чиглэлээр ахисан түвшний суурь болон хавсарга судалгаа, олон улсын харилцаа, олон улсын эдийн засгийн харилцааны магистр, олон улс судлалын докторын хамтарсан хөтөлбөр, олон улсын эрхзүйн магистрын хамтарсан хөтөлбөрийг санал болгож байна.

     Тус сургуулийн судлаач багш нар судалгааны ажилд олон улсын судлаач багш, докторын суралцагчидтай нягт хамтран ажилладаг, хамгийн сүүлийн жишээ нь 2013- 2014 оны хичээлийн жилд ОХУ, Германы судлаач багш, оюутнуудтай хамтран Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын гадаад, дотоод орчны судалгаа, дүн шинжилгээ сэдэвт Start-Up I төслийг хэрэгжүүлж дуусгасан.

     Судлаач багш нар Конрад Аденауэрын сан, Үндэсний аюулгүй байдлын Зөвлөлийн Стратегийн судалгааны хүрээлэн, БНСУ-ын Худалдааны Арбитрын нийгэмлэг, Дэлхийн Төвд судлалын холбоо, Үндэсний аюулгүй байдлын академи, Японы Зүүн хойд Азийн эдийн засгийн институт, Кэмбрижийн их сургуулийн Монгол, Өвөр Ази судлалын төв, Өвөр Монголын их сургууль, МУИС-ийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургууль, хүрээлэнгүүдтэй хамтран төсөл хэрэгжүүлж дараах бүтээлүүдийг гаргасан болно.

Үүнд: • «1920-иод оны Монгол-Германы Ad hoc харилцаа ба “Востваг ” нийгэмлэг, түүний үйл ажиллагаа »-“Монгол -Германы харилцаа : өнөөгийн байдал ба хэтийн төлөв ”. УБ., 2013, 130-144 дэх тал,

  • «Mongolia’s “Third Neighbor» Policy and Comprehensive Partnership between Mongolia-ROK»-“Economic Cooperation and Commercial Arbitration among Korea, Mongolia and China-2013 International Conference on Commercial Arbitration: July 12 2013 Seoul. Korea
  • «The Position of the 1913 Mongolia and Tibet Treaty in the Royal (All Elevated) Mongol State Diplomacy»-“The Centennial of the Tibeto-Mongol Treaty: 1913-2013” 100 anniversary”. Dharamshala.: India. 2013, pp. 61-65
  • «Northeast Asian Security Issues and Mongolia’s “Third Neighbor” policy»-“The Northeast Asian Economic Review”-Vol. 4, 2013, Niigita.: Japan
  • «Mongolia and UN: Diplomacy of the UK: since status quo till de jure-“Trans-Continental Neighbours. Volume 2, A Documentary History of Mongolia-UK Relations. Mongolia and Inner Asia Studies Unit, Cambridge, Institute of International Studies M.A.S, 2015
  • “Монгол Улс , БНХАУ -ын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны явц, сорилт , боломж” УБ., 2015

Эдүгээ ШУА -ийн Олон улсын харилцааны хүрээлэнтэй хамтран «Монгол Улсын “Гуравдагч хөрш”-ийн бодлого : онол -түүх , орчин үеийн зангилаа асуудлын судалгаа » (Key Issues of Mongolia’s «Third Neighbor» Policy: Theory-History and Contemporary Case), «Дижитал эдийн засгийн шинэ парадигм : Хөгжлийн шинэ чиг хандлагын судалгаа » (The New Paradigm of Digital Economy: A Study of New Trends of Development) төслийг хэрэгжүүлж эхлээд байна .Түүнээс гадна тус сургуулийн багш нар төслийн хүрээнд “Монголын дипломатын нэвтэрхий толь бичиг ” I-III ботийг 2013-2015 онд, Үндэсний Аюулгүй байдлын академи , МУИС-ийн ОУХНУС, МУИС-ийн Хуульзүйн сургууль, Хуульзүйн үндэсний хүрээлэнтэй хамтран 2014 онд “Олон улсын эрүүгийн эрхзүй : Тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам ”, 2015 он д “Монгол Улсын Үндэсний аюулгүй байдал ба олон улсын гэрээ ” судалгааны төслийг хэрэгжүүлж амжилттай дуусгав.

2015 оны эхний улиралд ГХЯ-ны Дипломатын академи, ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнтэй хамтран зохион байгуулсан Ялтын бага хурлын 70 жилийн ойн эрдэм шинжилгээний бага хуралд “Ялтын тогтолцоо ба Олон улсын харилцаа шинэ Мянганы эхэнд”, Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойн эрдэм шинжилгээний бага хуралд “БНСУ-ын сайн хөршийн иж бүрэн түншлэл: 25 жилийн өндөрлөгөөс эргэн харахад”, Монгол Улсаас Төв, Зүүн Европын зарим оронтой дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойн эрдэм шинжилгээний бага хуралд “ЕХ Төв, Зүүн Европын орнуудаар өргөжсөн нь: Тэмүүлэл ба сорилт”, Япон, Монголын сэтгүүлчдийн хамтын ажиллагааны нийгэмлэгтэй хамтран зохион байгуулсан “Солонгосын хойгийн 38 дугаар өргөргийг энхтайвны бүс болгох нь” сэдэвт эрдэм шинжилгээний бага хуралд “Солонгосын хойгийн 38 дугаар өргөрөг ба Берлиний хана: Олон улсын эрхзүйн харьцуулсан судалгаа” илтгэлийг тавьж хэлэлцүүлээд байна.

Дархан салбар сургуулийн  эрдэм шинжилгээ, судалгаа, номын сан

     Тус номын санд монгол, орос, англи, япон, хятад, солонгос хэлээр гарсан 20 мянга орчим ном, мэргэжлийн сэтгүүлээс гадна тухайн жилдээ хэвлэгдсэн магистрын ажил, бакалаврын зэрэг горилсон бүтээлүүд, багш, оюутны эрдэм шинжилгээний илтгэл, өгүүлэл, ном, гарын авлага, эрдэм шинжилгээний сэтгүүл байдаг. Номын сангийн уншлагын танхим нь нэг дор 60 оюутан хүлээн авах хүчин чадалтай.

ХИС-ийн харъяа Билиг дээд сургуулийн эрдэм шинжилгээ, судалгаа

    2012 оноос эрхзүйн судалгаа, хамтын ажиллагааг дэмжих Судалгаа шинжилгээний төвийг байгуулан мэдээллийн сан, ном, сурах бичгийн фонд үүсгэж оюутан, магистрант, докторантуудын судалгааны ажилд дэмжлэг үзүүлэх, тэднийг судалгааны ажил, төсөлд татан оролцуулах, судалгааны арга зүйн зөвлөгөө өгөх, Монголын судлаачдын бүтээлийг сурталчлах, семинар, лекц зохион байгуулах, эх хэлээр эрдэм шинжилгээний сэтгүүл, бодлогын шинжилгээний болон зөвлөмж бичиг эрхлэн гаргах зэрэг үйл ажиллагаа явуулж байна.