Дээшээ

Төлбөр ба санхүүгийн дэмжлэгүүд


Санхүүгийн албаны тухай

Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн дүрмээс ...

Арван нэг. САНХҮҮГИЙН АЛБАНЫ ЧИГ ҮҮРЭГ

11.1. Санхүүгийн албаны даргаар Санхүү, нягтлан бодох бүртгэлийн чиглэлийн мэргэжилтэй, мэргэжсэн нягтлан бодогч зэрэгтэй, мэргэжлээрээ 10 болон түүнээс дээш жил ажилласан мэргэжилтнийг ажиллуулна.

11.2. Сургуулийн төсөвт зардлыг сар, улирал, жилээр төлөвлөн хуваарилалт хийж батлуулна.

11.3. Сургуулийн санхүү, эдийн засгийн бодлогыг тодорхойлж, хэрэгжүүлнэ.

11.4. Захирал, салбар сургуулийн захирал, бусад менежерүүдийг сургуулийн санхүүгийн мэдээллээр хангана.

11.5. Албан тушаалын ажлын байрны тодорхойлолтонд тусгасан ажил үүргийг гүйцэтгэнэ.

ХИС-ийн санхүүгийн алба

  • Ерөнхий нягтлан бодогч
  • Ахлах нягтлан бодогч
  • Цалин хөлсний тооцоо хариуцсан нягтлан бодогч
  • Сургалтын төлбөр тооцоо хариуцсан нягтлан бодогчийн бүрэлдэхүүнтэй.

ХИС-ийн санхүүгийн алба нь оюутнуудын сургалтын төлбөр тооцоог бүртгэж, төлбөр тооцооны талаар мэдээллээр хангах, зөвлөгөө өгөх, хянаж шийдвэрлүүлэх үйлчилгээ үзүүлнэ.

Сургалтын төлбөр тогтоох талаар

Тухайн хичээлийн жилийн сургалтын төлбөрийн нэг кредит цагийн үнэлгээг хичээлийн жил эхлэхээс өмнө сургуулийн Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцэж батална.

Сургалтын төлбөрийн тооцоо, төлөлт

Оюутан сонгосон кредит цагийг үндэслэн сургалтынхаа төлбөрийг сургуулийн дансанд тушааж, төлбөр төлсөн баримтаа сургуулийн санхүүд  хянуулаад кредит сонголтоо баталгаажуулна. Оюутан кредит сонголтоо баталгаажуулснаас сургалтад хамрагдах эрх нээгдэх бөгөөд, үүнийг үндэслэн захирлын тушаал гарна. Захирлын тушаал гарснаар оюутан элссэн болон анги дэвшсэн нь тодорхойлогдож хичээлийн хуваарийн дагуу хичээлд хамрагдах боломж хангагдсан гэж үзнэ.

Оюутан захирлын тушаал гарснаас хойш хувийн шалтгаанаар суралцах боломжгүй болсон тохиолдолд салбар сургуулийн захиргаанд бичгээр хүсэлт гаргасныг үндэслэн тухайн өдрөөр тасалбар болгон захирлын тушаалаар сургалтаас чөлөөлнө. Оюутан /өөрөө эсвэл өөрөө боломжгүй тохиолдолд асран хамгаалагч, гэр бүлийн гишүүний аль нэг нь төлөөлж/ бичгээр хүсэлт ирүүлээгүй нөхцөлд сургуулийн зүгээс сургалтад хамрагдах боломжоор хангасан гэж үзээд хичээлд сууснаар тооцохыг анхаарч хариуцлагатай хандах үүрэгтэй.

Сургалтын төлөвлөгөөгөөр хичээлийн жилд 30 кредит цагийн хөтөлбөр сонгох боломжтой тул сургалтын төлбөрийг 30 кредит сонгохоор тооцож хичээлийн жилийн эхэнд урьдчилан төлж болно. Эсвэл тухайн хичээл сонгосон улирлаар төлж болно. Оюутан  сургалтаас чөлөөлөгдсөн тохиолдолд  журамд заасан нөхцөлийн дагуу суралцаагүй хугацааны сургалтын төлбөрийг буцаан авах боломжтой.

Төлбөр ба санхүүгийн дэмжлэг

 

Холбогдох дүрэм, журмууд

Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн дүрмээс ...

Арван зургаа. СУРГУУЛИЙН САНХҮҮ

16.1. Сургууль санхүүгийн эх үүсвэрээ нэмэгдүүлэх, багш, ажилтан, ажилчид, суралцагчдын нийгмийн баталгааг дээшлүүлэх зорилгоор хууль тогтоомжид нийцүүлэн явуулсан аж ахуйн үйл ажиллагаанаас олсон орлогоо боловсролын хуулийн дагуу захиран зарцуулах эрхийг сургуулийн захирал эдэлнэ.

16.2. Сургууль үүсгэн байгуулагчаас өөрт нь нийлүүлсэн хөрөнгө болон тухайн сургуулийн үйл ажиллагааных нь явцад бий болсон хөрөнгийг өөрийн үндсэн үйл ажиллагааны зорилго, дүрэм, үүсгэн байгуулагчтай байгуулсан гэрээнд нийцүүлэн зориулалтын дагуу үр ашиглтай зарцуулах үүрэгтэй.

16.3. ХИС-ийн санхүүжилт дараах эх үүсвэрээс бүрдэнэ.

16.3.1. Эрдэм шинжилгээ, судалгааны ажлын төслийн санхүүжилт

16.3.2. Сургалтын төлбөр

16.3.3. Аж ахуйн үйл ажиллагааны орлого

16.3.4. Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн хандив, зээл тусламж

16.3.5. Бусад эх үүсвэр

16.4. ХИС нь үүсгэн байгуулагчаас нийлүүлсэн болон үйл ажиллагааныхаа явцад бий болгосон хөрөнгийг сургуулийн үндсэн зорилго, дүрэм, үүсгэн байгуулагчтай байгуулсан гэрээнд нийцүүлэн зориулалтын дагуу зарцуулна.

16.5. ХИС нь багш, ажилтан, суралцагчийн нийгмийн баталгааг дээшлүүлэх зорилгоор хууль тогтоомжид нийцүүлэн явуулсан аж ахуйн үйл ажиллагааны орлогыг Захиргааны зөвлөлийн шийдвэрийг үндэслэн үйл ажиллагааны чиглэлийн дагуу захиран зарцуулна.

16.6. ХИС-ийн дэргэд олон нийтийн үүсгэл санаачлагаар ХИС-ийн хөгжлийг дэмжих сан, ХИС-ийн Эрдмийн сан байгуулж болно.

16.7. Сургууль нь 2 жил тутамд санхүүгийн үйл ажиллагаандаа аудитын болон санхүүгийн хяналтын эрх бүхий байгууллагаар хяналт үнэлгээ хийлгэж дүнг ил тод мэдээлж байна.

ХИС-ийн Бакалаврын сургалтын журмаас ...

Найм. СУРГАЛТЫН ТӨЛБӨР

8.1. Сургалтын нэг багц цагийн үнэлгээг ХИС-ийн дүрэмд заасны дагуу Удирдах зөвлөлийн хурлаар тогтоон нийтэд мэдэгдэнэ.

8.2. Оюутан тухайн улиралд сонгосон хичээлийн багц цагийг тухайн мэргэжлийн нэг багц цагийн үнэлгээгээр үржсэн нийлбэр дүнг оюутны вебээр СОНГОЛТ-2-ийг хийж, санхүү болон ССХАҮА-д банкны хуулбараар баталгаажуулж, хичээл сонголт дуусгавар болно.

8.3. Сургалтын төлбөрөө хийж сонголтоо идэвхжүүлээгүй оюутнуудын сургалтын гэрээг захиргааны санаачилгаар цуцлан захирлын тушаал гаргана.

8.4. 4-6 улирал дараалан амжилттай суралцан эрдэм шинжилгээний ажил болон нийгэмд хандсан боловсролоор үйлчлэх ажилд идэвх зүтгэлтэй оролцож байгаа оюутны сургалтын төлбөр хөнгөлөх, урамшуулах арга хэмжээг авна.

8.5. Сургалтын төлбөртэй холбогдох асуудлыг оюутны бичгээр гаргасан өргөдлийг харгалзан захирлын тушаалаар шийдвэрлэнэ. Сургуулийн захиргаанд (ССХАҮА-д) өргөдлөө бичгээр өгөөгүй байсан бол сургалтаас чөлөөлөх өдрийг бичгээр өргөдөл өгсөн өдрөөр тасалбар болгон сургалтын төлбөрийн тооцоог хийнэ. Өргөдөл өгсөн өдөр хүртэл хугацааг суралцсанаар тооцно.

8.6. Эрүүл мэндийн шалтгаанаар сургуулиас чөлөөлөгдөх нөхцөлд эмч нарын зөвлөлгөөний магадлагааг харгалзан тушаал гарсан өдрөөс хойших хугацааны сургалтын төлбөрийг бүрэн хэмжээгээр буцаан олгоно.

8.7. Хичээлийн жилд онцлох шалтгаанаар хичээлд суулгүйгээр сургуулиас гарч буй оюутанд энэ тухай захирлын тушаал гарсан өдрөөс хойших хугацааны сургалтын төлбөрийн 90 хувийг буцаан олгоно.

8.8.  Өөрийн хүсэлтээр буюу бусад шалтгаанаар сургуулиас гарсан тохиолдолд суралцаагүй хугацааны сургалтын төлбөрийн 75 хувийг буцаан олгоно.

8.9. Тухайн улиралд судалбал зохих нийт кредитийн 75-аас дээш хувьд сул дүн үзүүлж сурлагаар хасагдсан, шалтгаангүйгээр болон сураггүй алга болсон тохиолдолд оюутны сургалтын төлбөрийг буцааж олгохгүй.

ХИС-ийн Магистр, доктор (Ph.D)-ын сургалтын журмаас...

Ес. МАГИСТР, ДОКТОРЫН СУРГАЛТЫН ТӨЛБӨР

9.1. Магистр, докторын сургалтын төлбөрийн хэмжээг ХИС тогтооно.

9.2. Гадаадын иргэдийн сургалтын төлбөрийг тусгайлан тогтооно.

9.3. Магистрант, докторант сурлага, сахилгаар хасагдах болон хүсэлтээрээ чөлөөлөгдвөл засгийн газар, захиалагч байгууллагаас гарсан зардлыг буцааж төлөх асуудлыг суралцагч өөрөө хариуцна. Магистрант, докторант дипломын ажил, диссертациа хамгаалахдаа амжилтгүй дүн үзүүлсэн, мөн сурлагаар хасагдсан бол сургалтын төлбөрийг буцааж олгохгүй.

9.4. Хамгаалалтын ажлаа дахин хийсэн тохиолдолд магистрант хамгаалалттай холбогдох зардлыг өөрөө төлнө.

9.5. Докторант тус журмын 8,2 –т заасан нөхцлөөр диссертациа хамгаалах бол хамгаалалттай холбоотой төлбөрөө төлнө.

9.6. Магистрант, докторант шалгалтын дүнгийн босго хүрээгүй үед дахин шалгалт өгөх бол доор зааснаар сургалтын төлбөрийг өөрөө төлнө. Үүнд:

        А). Нэг шалгалт өгөх бол шалгалтын комиссийн гишүүдийн шалгалт авсан хөлс (гишүүн бүрт 2 цагаар тооцож) төлнө.

Б). Хоёр шалгалт дахин өгөх бол магистрант, докторант 1 кредит цагийн сургалтын төлбөр болон шалгалтын комиссийн гишүүдийн шалгалт авсан хөлс (гишүүн бүрт 2 цагаар тооцож) төлнө. Дахин шалгалтын төлбөрийг ХИС-ийн санхүүд төлсөн баримтыг үндэслэн дахин шалгалт өгөх комисс байгуулж, шалгалт өгөх эрх олгоно.