Дээшээ

Бидний тухай


Хэл, соёлын сургууль нь ХИС-ийн бүрэлдэхүүний төдийгүй ХИС-ийн язгуур сургууль юм. Хэл, соёлын сургуулийн сурвалж нь 1979 онд Орос хэлний институт /дээд сургууль/ байгуулах шийдвэр гаргасан түүхэн үетэй холбоотой юм. Орос хэлний дээд сургууль улмаар 1982 онд бие даасан Орос хэлний багшийн дээд сургууль болсон.
1990 оноос нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал өөрчлөгдсөнтэй холбогдон Гадаад Хэлний Дээд Сургууль болон өргөжсөн. 1999 оноос Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль болон өргөжсөнөөр өдгөө тус сургуульд нийгэм, хүмүүнлэг, байгаль хамгаалал, экологи, мэдээлэл харилцаа, технологийн чиглэлээр бакалавр, магистр, докторын сургалтын үйл ажиллагаа явуулж байна. Монгол улсын гадаад харилцааны хөгжил, нийгмийн эрэлт хэрэгцээ, боловсролын тогтолцоонд үүссэн шинэ шаардлагыг хангах үүднээс Хэл, соёлын сургууль нь гадаадын 7 хэлний (Англи, Герман, Орос, Франц, Хятад, Япон, Солонгос хэлний) чиглэлээр багш, орчуулагч мэргэжилтэн бэлтгэх зорилгоор сургалтын үйл ажиллагаагаа өргөжүүлсэн юм.
Энэ хугацаанд ХСС нь Монгол улсад гадаад хэлний мэргэжилтэн бэлтгэж ирсэн анхны туршлагатай сургуулиудын нэг нь болж, эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны өөрчлөлт шинэчлэлийн энэ цаг үед бид сургалтын агуулга, технологийн шинэчлэлд байнга анхаарч, хөтөлбөрүүдээ тасралтгүй шинэчилсээр ирсэн. Энэ хүрээнд сургуулийн эрдэмтэн судлаач багш нар сургалтад ашиглах ном, сурах бичиг, гарын авлага бичиж боловсруулах чиглэлээр идэвхтэй ажилласан. Одоогоор Монголын Боловсролын Магадлан Итгэмжлэх зөвлөлөөр тус сургуулийн зүгээс 4 хөтөлбөрийг магадлан итгэмжлүүлээд байна.

Нийт эрдэмтэн багш нарын 12 буюу 28 хувь нь доктор, профессор болон дэд профессор цол зэрэгтэй багш нар ажиллаж, өнөөдрийн байдлаар тус сургуульд нийт 17 мэргэжлийн чиглэлээр 620 гаруй оюутан хөдөлмөрийн зах зээлд өрсөлдөхөөр бэлтгэгдэж байна.

Бид олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдөх гадаад хэлний мэдлэг, чадварыг олгодог тул Та бүхэнд чадварлаг багш, орчуулагч, хэл шинжээч болох боломжийг олгож байна.
Гадаадын их дээд сургуульд элсэх хэлний түвшин тогтоох шалгалтуудад (Франц хэлний TCF, Герман хэлний TestDaF, Оросын ТРКИ, Англи хэлний TEFL, Хятад хэлний HSK, Япон хэлний JLPT, Солонгос хэлний TOPIK) манай оюутнууд өндөр оноотой тэнцдэг, ХСС-ийн төгсөгчдөөс олон арван доктор, олон зуун магистр төрсөн.
Манай оюутнууд жил бүр ХИС-ийн болон бусад их дээд сургуулиудын эрдэм шинжилгээний бага хуралд оролцдог. Мөн олон улсын болон өөрийн орны гадаад хэлний олимпиадуудад оролцож, олон арван оюутан тэргүүн байр эзэлж тухайн хэлний орнуудад сурах, аялах эрхээр шагнуулдаг юмэ..

Бидний тэмүүлэл:
- Олон хэл
- Нээлттэй соёл
- Хамтын хөгжил