Дээшээ

Тухай


Бидний тухай

Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн төгсөгчдийн холбоог анх 1998 оны 12 дугаар сард тус сургуулийн төгсөгчид, багш нарын санал санаачилгаар зохион байгуулж хурлаа хийж олонхийн саналаар холбооны даргаар БСШУЯ-ны ШУ-ны газрын мэргэжилтэн Тогтох, орлогч даргаар "Хийморь" шашин соёлын төвийн захирал доктор Л.Дамдинсүрэн, холбооны зохион байгуулах зөвлөлийн гишүүдээр Улсын Их Хуралын парламентын харилцааны ажилтан Батболд, Орос-Монголын хамтын нийгэмлэгийн ажилтан Батбаатар, Эрүүгийн Цагдаагийн Газрын ахлах офицер Баяраа, “Эрэл” компанийн Гадаад хэлтэсийн ажилтан Бат-Амгалан нар сонгогдон ажиллаж эхэлсэн.

Төгсөгчдийн холбоо нь өнгөрсөн хугацаанд сургуулийн ойн арга хэмжээг сургуультай хамтран зохион байгуулах, ойн арга хэмжээний хүрээнд төгсөгчдийг сургууль багш нартай холбож, сургуультайгаа холбоотой ажиллахад туслах, сургуулийн сүлд дууг зохиох, сурталчлах зэрэг ажлыг хийж ирлээ.

Мөн төгсөгч Тогтох, Л.Дамдинсүрэн нар сургуулийн удирдах зөвлөлийн гишүүдээр сонгогдон ажиллаж, сургуулийн ажил, амьдралтай холбоотой асуудлыг шийдэхэд биечлэн оролцож ирлээ.

Өдгөө ХИС нь 35 жилийн замналтай 8 салбар сургуультай болсны хувьд сургууль, тэнхим бүр өөрийн Төгсөгчдийн холбоотой болж найрсаг харилцааг бэхжүүлэхийн зэрэгцээ тухайн мэргэжлийн чиглэлээр сургуултайгаа эргэн хамтран ажиллах, багш төгсөгчдийн бүтээлч эргэх холбоог идэвхжүүлэх зэргээр үйл ажиллагааны хувьд өргөжин, үр дүнтэй болж байгааг дурьдахад таатай байна.

ХИС-ийн салбар сургууль, тэнхимийн төгсөгчдийн холбоод:

  • Орос хэлний багшийн багшийн дээд сургууль төгсөгчдийн холбоо
  • ХИС-ийн Бизнесийн Сургуулийн Бизнесийн Удирдлагын тэнхимийн Төгсөгчдийн холбоо
  • ХИС-ийн Экологи-Аялал жуулчлалын менежментийн тэнхимийн төгсөгчдийн холбоо
  • ХИС-ийн Сэтгүүл зүйн салбарыг төгсөгчдийн холбоо
  • ХИС-ийн Олон Улсын Харилцааны тэнхимийн дэргэдэх “Залгамж-Элч” төгсөгчдийн холбоо
  • ХИС-ийн харьяа “Далайван” дээд сургуулийн “Төгсөгчдийн холбоо”

Онцлох төгсөгчид

 

Төгсөгчдийн холбоонд элсэх

Та Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн Төгсөгчдийн Холбоонд элсэхийг хүсвэл салбар сургууль, тэнхимтэйгээ холбогдоно уу.

  • Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль, Орос Хэлний Багшийн Дээд Сургууль төгсөгчдийн холбоо: Тэргүүн - Л.Дамдинсүрэн
  • ХИС-ийн Олон Улсын Харилцааны тэнхимийн “Залгамж Элч” төгсөгчдийн холбоо: Тэргүүн - Б.Батчимэг
  • ХИС-ийн Сэтгүүл зүйн салбарын төгсөгчдийн холбоо: Тэргүүн - В.Баттулга
  • ХИС-ийн Бизнесийн Сургуулийн Бизнесийн Удирдлагын тэнхимийн Төгсөгчдийн холбоо ТББ: М.Цолмон
  • ХИС-ийн Экологи-Аялал жуулчлалын менежментийн тэнхим: Тэргүүн - Б.Мягмарсүрэн
  • ХИС-ийн харьяа “Далайван” дээд сургуулийн төгсөгчдийн холбоо: Тэргүүн - О.Отгончимэг

Гишүүний давуу эрх

Эрхэм төгсөгч та Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн их сургуулийн Төгсөгчдийн холбооны гишүүн болсноор төрөлх сургуультайгаа холбоотой байж, тэнхим, багш нартайгаа бүтээлч эргэх холбоог үүсгэх, оюутан насны нөхөдтэйгээ нөхөрсөг харилцаагаа хадгалах, хамтран ажиллах боломжтой билээ.

Түүнчлэн Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн Төгсөгчдийн холбоо нь аливаа  олон нийтийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, хамтран зохион байгуулж та  бүхний харилцаа, холбоог тэлэхэд анхаарч ажиллаж ирсэн туршлагатай. Холбоо  нь ХИС байгуулагдсаны 20, 25, 30, 35 жилийн ойг зохион байгуулах ажилд идэвх,  санаачилгатай оролцож хамтдаа бичилцсэн түүхийн хуудсаа эргэн цэгнэж, ХИС-иас төрөн гарсан төгсөгчдөө сургууль, багш нартайгаа холбох ажлыг гардан гүйцэтгэж ирлээ.

ХИС-ийн төгсөгч хамт олон нь одоо байгаа оюутнуудаа ажил, мэргэжлийн хувьд  дэмжих тэдний дадлага туршлага, ур чадварыг баяжуулахад нягт хамтран  ажиллаж шинэ төгсөгчдөө ажлын байртай болоход дэмжин ажилладаг юм.

Түүнчлэн Төгсөгчдийн холбоо нь ХИС-ийн мянга мянган төгсөгчийг холбохоос  гадна анд нөхөр, аав ааж, хамт олон, ажилтан, албан хаагчид ба одоогийн  оюутнууд гэхчлэн ХИС-иар овоглосон хүн бүрийг нэгтгэж ажил, амьдралын  талбарт Хүмүүнлэгчүүд ямагт манлайлагч байх нөхцөлийг хэзээд бий болгосоор ирлээ.

Төгсөгч мэдээллээ шинэчлэх

 

Мэдээ, мэдээлэл

“Хүмүүн Ухаан” сонины 33 дахь дугаарын (2015/05) “Төгсөгч ярьж байна” буландаа бид ХИС-ийн салбар сургууль, тэнхимээс хэд хэдэн төгсөгчөө сонгож ярилцсан юм. Та бүхэн манай төгсөгчдийн сонирхолтой, сургамжит дурсамжийг доорх ярилцлагаас уншина уу.

ХИС-ийн Бизнесийн сургуулийн Маркетингийн менежмент ангийн 2007 оны төгсөгч , “Marketing Today” сэтгүүлийг үүсгэн байгуулагч, ”The New Media Group”-ийн зөвлөх , барилга угсралтын “ТОБЭМ” ХХК-ны гүйцэтгэх захирал Төрбатын Төгөлдөр:

-Нийгэмд хариуцлагатай бизнесийн үйл ажиллагаа гэж таныхаар юу вэ?

-Бүх л бизнесийн болон төрийн байгууллагууд тодорхой хэмжээгээр нийгэмд үүрэг, хариуцлага хүлээж байдаг. Манай улсад сүүлийн жилүүдэд нийгмийн хариуцлага гэсэн ойлголтыг хандив тусламж, байгаль орчноо хайрлан хамгаалах утгаар ойлгосоор байна. Тухайлбал, үүрэн телефон операторын үйлчилгээ үзүүлэгч байгууллага хэрэглэгчийнхээ дуудлага, зурвас, интернэтийг хангах  үүрэг хүлээж байна гэсэн үг. Хэрэв энэ үүргээ биелүүлж чадахгүйд хүрвэл маш олон хүн (нийгэм)-д хохирол учирч болно. Мөн үүнтэй адилхан нийтийн тээврийн компанийн ажиллагчид нэг өдөр ажил хаяхад нийгэмд нөлөөлөхүйц хохиролтой байдаг. Тиймээс нийгэмд үйлчилж буй бүхий л байгууллага өөрсдийн үйл ажиллагааг тасралтгүй чанартай гүйцэтгэх нь нийгмийн өмнө хүлээх хариуцлага болно.

-Танай оюутны ангийхан их найрсаг, хамт олонч байсныг дуулсан. Одоо ангийхантайгаа холбоотой байдаг уу?

-Би 2007 онд тухайн үеийн Нийгмийн ухааны сургуулийн Бизнесийн удирдлагын тэнхимийн Маркетингийн ангийг 26-уулаа төгсөж байлаа. Манай ангид тэнхим болон сургуулиас зохиосон арга хэмжээ, мөн ХИС-ийн Оюутны холбоо, “МСМ” сургалт судалгааны төв зэрэг байгуулагуудын үйл ажиллагааг зохион байгуулдаг идэвхитэй оюутан олон байсан.

Бид 3-р курсдээ нийлж компани байгуулж, шугамын автобуснуудад сурталчилгааны самбар байршуулан сурталчилгаа хийж, мөн бизнесийн байгууллагуудын захиалгаар судалгаанд явж, мэдээллээ боловсруулдаг байлаа. Энэ үед бие биетэйгээ илүү дотносож, бусдыгаа илүү таньж байсан байх. Компани байгуулах санааг ангийн 13 оюутан нийлж тэнцүү хувь эзэмшиж байгуулж байсан. Одоо бодоход компанийн талаар ямар ч мэдлэг мэдээлэл байхгүй, маш олон гишүүнтэй ер нь л хол явахгүй санаа байсныг удахгүй ойлгоцгоосон. Харин үүнээс хойш жилийн дараа сургуулиа төгсөөд ангийн 3 нөхдийн хамт анхныхаа компанийг байгуулж, одоог хүртэл үйл ажиллагаагаа явуулж байгаад баяртай байдаг.

Олон улс харилцаа, нийгэм судлалын сургуулийн Олон улсын эдийн засаг- Гадаад харилцааны ажилтан ангийн 2010 оны төгсөгч, Нийслэлийн засаг дарга, Улаанбаатар хотын Захирагчийн зөвлөх Лувсандагвын Ганхөлөг:

-Сургуульд үзсэн эрдэм мэдлэг ажлын талбарт зөрчилдөх үе бий юү?

-Мэдлэг гэдэг бол бүгдэд хүлээн зөвшөөрөгдсөн, тээж буй хүн нь өөрт болон бусдад нөлөөлөхүйц байдлаар хэрэглэж болох үнэнийг л хэлээд байна гэж боддог. Тийм болохоор сургуульд үзсэн эрдэм мэдлэг ажлын талбарт гарахад зөрчилдөнө гэж байхгүй ээ. Яагаад гэвэл хоёр өөр үнэн гэж байхгүй. Хэрвээ тийм санагдаж байвал тухайн хүн эзэмших ёстой мэдлэгээ эзэмшээгүй байна л гэсэн үг. Ажил дээр ч тэр, хаана ч тэр мэдэхгүй зүйл зөндөө л тохиолддог. Түүнийгээ мэдээд гол учир утгыг ойлгоод явбал мэдлэг эзэмшээд л явна. Ер нь хүн ганц сургууль ч биш бүхий л амьдралынхаа туршид эрдэм мэдлэгийг хайж, түүнээ амьдрах багаж хэрэгсэл болгож байдаг. Тиймээс ч мэдлэг бол хүч гэж үг бий. Энэ үгтэй зөрөлдөх хүн гарахгүй болов уу. Мэдээлэл бол зөрчилдөж болно. Энэ хоёрын ялгааг ойлгох хэрэгтэй. Аль ч сургуульд маш их мэдлэгийг олгодог. Ингэхдээ хамгийн гол нь системтэйгээр олгодог. Энэ боломжийг л 4 жилийн хугацаанд чадах чинээгээ тултал ашиглах хэрэгтэй дээ.

-Оюутан байхдаа эрдэм шинжилгээний хуралд идэвхтэй оролцдог, “Алтан Гэрэг” клубын тэргүүн байсныг тань мэднэ. Тэр үеийн дурсамжаасаа сонирхуулаач ?

-Би Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 4-р дунд сургуулийг 2006 онд төгсч, ХИС-д элсэн орсон. Анх их сургуульд ороод хичээлийнхээ хуваарийг ч сайн ойлгохгүй оюутан ирж байлаа. Сургуулиас оюутнуудын дунд уралдаан тэмцээн их зохиодог, түүнд нь манай дээд курсын оюутнууд их идэвхтэй, бүтээлч оролцож байгааг нь хараад бахархах сэтгэл төрж тэдэнтэй адилхан болохыг хүсдэг байсан. Тэгээд л өөрийгөө сориод үзсэн дээ. Оюутан байхдаа ийм төрлийн уралдаан тэмцээнд оролцож байх нь тухайн оюутныг маш их чадавхижуулж, ур чадвар, мэдлэг боловсролоо батжуулахад нэмэр болдог гэж боддог шүү. Оюутнууддаа хандаж хэлэхэд өөрийгөө голж, айж эмээлгүй сургуулийнхаа тэмцээн уралдаанд заавал оролцож байгаарай. Өрсөлдөөн хүнийг улам л хурцалж өгдөг гэж итгэдэг. Гэхдээ мэдээж зөв зүйлээр өрсөлдөх хэрэгтэй. Ер нь манай сургуулийн багш, оюутнууд нэгэндээ сайн үлгэр дууриал үзүүлж чаддаг гэж боддог.

Клубын тухайд намайг нэгдүгээр курсээ төгсөх жилийн намар манай мэргэжлийн ангийн оюутнууд, одоо Олон улсын харилцааны тэнхмийн эрхлэгчээр ажиллаж байгаа П.Мягмардорж багш санаачлан “Алтан гэрэгэ” клуб байгуулаад, анги бүрээс 2 оюутан элсүүлэхэд нь би орж чадаагүй. Ирэх жил нь клубт манай ангийн төлөөлөл болж байсан нэг оюутан гадаадад сурах болсноор надад боломж гарч клубд орсон доо. Анх 2007 онд байгуулагдаж байсан “Алтан Гэрэгэ” клуб маань одоо 8 дахь жилдээ тасралтгүй үйл ажиллагаагаа идэвхтэй явуулж байна. Оюутны клубүүд тухайн сургуулийнхаа оюутнуудыг чадавхижуулах, багш оюутан төгсөгчдийн хоорондын харилцаа, хамтын ажиллагааг сайжруулах замаар нэгдмэл зорилгод хүрэхэд маш сайн үр нөлөө үзүүлдэг гэж боддог. Үүнд мэдээж сургуулийн багш, удирдлагуудын үүрэг оролцоо чухал байдаг. Энэ дашрамд сургуулийнхаа нийт багш, оюутанд эрдэм мэдлэгийн их далайгаас арвин их ургац хураахыг хүсэн ерөөе.

        Олон улс харилцаа, нийгэм судлалын сургуулийн  Нийгмийн-ухааны тэнхимийн Бихеворизм-сэтгэл судлалын ангийн төгсөгч Сэтгэл-зүйч Отгонжаргалын Ядамсүрэн:

-Яагаад сэтгэл судлалын мэргэжлийг сонгож суралцсан бэ. Мөн мэргэжлийнхээ дагуу ажил дээр гарахад хэр хүндрэлтэй байсан бэ?

-Их сургуульд орохоосоо мөн олон улсын сайн дурын байгууллагуудад ажиллаж амьдралын хүнд хэцүү байдалд амьдарч байгаа мянга мянган өрх толгойлсон эмэгтэйчүүд болон эцэг эхийн хайр халамж хараа хяналтгүй байгаа хүүхдүүдтэй уулзаж тусалдаг байлаа. Тэр үеэс л энэ хүмүүст илүү сайн бодитой, мэргэжлийн туслалцаа үзүүлэх хүсэл сонирхолдоо хөтлөгдөж сэтгэл зүйч болохоор шийдсэн. Одоо би хүн өөрийн сонирхолтой дуртай зүйлээрээ суралцах нь хувь хүний амьдралын сэтгэл ханамжийг нэмэгдүүлдгийг сайтар ойлгож байна. Сэтгэл судлалын шинжлэх ухаан болон сэтгэл зүйч мэргэжил Монгол улсад төдийлөн танигдаж чадаагүй байхад сэтгэл судлалыг сонгож байсан. Тухайн үедээ хүмүүс их гайхаж ийм сонголт хийсэнд эсэргүүцэх хүн ч олон байлаа. Гэхдээ өнөөдөр сэтгэл зүйч мэргэжлийн үнэ цэнэ эрэлт хэрэгцээ илүү нэмэгдэж байгаад сэтгэл хангалуун байдаг. Хүн аливаа зүйлийг хийхээр сонгохдоо алсын хараатай байх хэрэгтэйг би эндээс суралцсан. Сургуулиа төгсөөд мэргэжлээрээ ажиллахын тулд гадаадын их, дээд сургууль төгссөн болон дотоодын нэр хүндтэй сургуулийг амжилттай төгссөн олон төгсөгчтэй өрсөлдөж, Сэтгэл судлалын үндэсний төвд сэтгэл зүйч судалгааны мэргэжилтнээр ажиллах боломжтой болсон. Өнөөдөр намайг өдий зэрэгтэй явахад тусалж, ажилдаа сэтгэл хангалуун амьдрах боломжийг өгсөн гэр бүлийнхэн, найз нөхөд ХИС-ийн Нийгмийн ухааны тэнхмийн багш нартаа дахин дахин талархаж байна.

-Монгол хүний сэтгэлгээний онцлог /сэтгэл зүй/ ямар байдаг вэ?

-Ажилд ороод удаагүй байхдаа хэд хэдэн судалгаа болон төсөл хөтөлбөр дээр ажилласан. Тэдгээрээс хамгийн их хүчин чармайлт мэдлэг чадвар шаардсан нь “Бүтээмжтэй монгол хүнийг тодорхойлон гаргаж ирэх” судалгааны ажил байлаа. Энэхүү судалгааны ажлыг явуулснаар монгол ажилчдын  сэтгэл зүйн онцлогийг тодорхойлж, өндөр бүтээмжтэй ажиллахад сэтгэл зүйн ямар ямар ур чадварууд шаардлагатай болохыг шинжлэх ухааны үүднээс судлан гаргаж ирснээрээ монголдоо анхны өргөн хэмжээний ажил болсон. Монголчууд өөдрөг үзэлтэй, ямар ч бэрхшээл тулгарахад даван туулах сэтгэл зүйн чадвартай. Зорилго өндөр өөрийн үнэлэмж өндөртэй боловч бусдыг үнэлэхдээ өөрөөсөө доогуур үнэлдэг. Сэтгэл хөдлөлөө илэрхийлэх чадвар дунд гэх мэтчлэн бидэнд нийтлэг сэтгэлгээний онцлог их байдаг.

ХИС-ийн Бизнесийн сургуулийн Санхүү, банкны тэнхимийн Санхүүгийн удирдлага-англи хэлний орчуулагч хос ангийн 2004 оны төгсөгч, “Хөгжлийн Банк”-ны дэд бүтцийн санхүүжилтийн хэлтсийн захирал Т.Мөнхтулга

-Ажил дээр гарахад тань хамгийн их хэрэг болсон,  ХИС-иас олж авсан чадвар юу вэ?

-Сургуулиасаа олж авсан хамгийн гол ур чадвар бол мэдээж миний мэргэжил. Эхний 2 жилд суурь хичээлүүдээ үзсэний дараагаар мэргэших чиглэлээ сонгох болоход санхүүгийн ангийг сонгож суралцсан. Банк, санхүүгийн салбарт 10 гаруй жил ажиллах хугацаандаа алхам тутамд ХИС-аас сурсан мэдсэн зүйл маань хэрэг болох үед сургуульдаа, багш нартаа талархах сэтгэгдэл төрдөг. Үүний хажуугаар багш нараасаа илүү ихийг сурч, мэдэх боломжуудыг бүрэн дүүрэн ашиглаж чадаагүйгээ бодохоор бас харамсдаг л юм. Оюутан байхдаа өөрийгөө хөгжүүлэх, сурч мэдэхэд цагийг хэрхэн үр ашиглахаас шалтгаалж, хожим ажил дээр илүү амжилт гаргадгийг ойлгосон. Сургуульдаа элсэхээс өмнө болон дараах өөрийгөө харьцуулахад мэргэжлийн ур чадвараас гадна аливаа ажлыг хийхэд өөрийгөө дайчлах, хийж байгаа зүйлдээ хариуцлагатай хандах, цагаа зөв хуваарилах, төлөвлөх зэрэг маш олон тал дээр өөрийгөө хөгжүүлэх боломжийг сургууль маань олгож байсан байгаа юм.

-Яагаад ХИС-ийг сонгосон бэ. Тэр үеийн сургууль багш нарынхаа талаар хуваалцаач?

-Дунд сургуулиа төгсөх жилдээ ХИС, МУИС болон СЭЗДС-ийн эдийн засаг, бизнесийн ангийг хамгийн ихээр сонирхож байсан. Элсэлтийн шалгалтын дараагаар сонголтоо хийх цаг болоход хосолсон мэргэжил эзэмших боломжтойг сонсоод ХИС-д элссэн. Сүүлд  төгссөний дараагаар нэгэн банк бус санхүүгийн байгууллагад ажилд орох хүсэлт гаргаж, 50 гаруй хүний хамтаар шалгаруулалтад ороход сургуулийн маань нэр хүнд болон хосолсон мэргэжлээр төгссөн нь хамгийн том давуу тал болж байлаа.

Анх сургуульд ороход одоогийн ХИС-ийн нэгдүгээр байранд бүх хичээл ордог. Нэг ангийг хоёр хувааж “а” болон “б” гэж хаяглаад анги дотор ахиад анги байдгийг нь анх мэдэхгүй хичээл болох ангиа олохгүй нилээд будилцгааж байж билээ. Удалгүй хоёрдугаар байр ашиглалтад орж, будаг нь ханхалсан шинэ байранд нүүж орж байсан. Одоо шинэ өргөтгөл барьж, сургууль маань улам өргөжиж байгааг харахад үнэхээр сайхан санагдаж байна.

Мэдээлэл харилцаа менежментийн сургуулийн Сэтгүүл зүйн тэнхимийн Сэтгүүл зүй- англи хэлний орчуулагч хосын ангийн 1995 оны төгсөгч, “Өдрийн сонин”-ы Улс төр, гадаад мэдээний албаны дарга Э.Энэрэл

-ХИС-ийг төгсөөд дипломоо гардаж авахад юу бодогдож байсан бэ. Сэтгүүлч мэргэжлээр сурахад хамгийн хэцүү нь юу байсан бэ?

-Мэдээж, ямар ч оюутанд дөрвөн жил суралцсан хөдөлмөрийнхөө үр шимийг хүртээд, энэ мэргэжлээр ажиллаж болно гэсэн баримт бичгийг нь гардуулж байхад догдолж баярлаж л таараа. Тэр жишгээр баярлаж байсан. Гэхдээ тухайн үед бодогдож байсан нэг бодол бол дүнгээ илүү өндөр гаргуулж хичээж гүйж байсан бол улаан дипломтой төгсч болох байжээ гэсэн цагаан атаа төрж байлаа. Эхлээд улаан дипломтой төгсч байгаа оюутнуудад гардуулдаг шүү дээ. Дүнгээ харахад минийх тун цөөхөн кредит дутуу байсан л даа. Би шалгалтаа өгдгөөрөө өгөөд, хичээлээ дүгнүүлдгээрээ дүгнүүлээд явдаг оюутан байснаас биш, нарийн тооцоо мэддэггүй байж л дээ. Гэтэл жаахан хичээсэн бол улаан дипломтой төгсч болох байсныгаа тэр өдөр ухаарсан гэх үү дээ. Гэхдээ диплом улаан, ногоон өнгөтэй байх нь тийм ч чухал биш. Мэргэжлээ эзэмшиж, түүгээрээ ажиллаж амжилт гаргаж, салбартаа танигдаж хүлээн зөвшөөрөгдөх л чухал. Яг юу бодогдож байсан бэ гэж асуусан учраас тэрхэн агшинд санагдаж байсан бодлоо хэллээ. Түүнээс хойш ч тэгж бодогдож байсангүй дээ.

Би ГХДС байхад нь сургуульдаа элсэн орж, хамгийн анхны ХИС-ийн дипломыг гардаж авсан хүн. Манай ГХДС-ийн төгсөгчид нь олонд танигдсан, сурлагаараа толгой цохидог сургууль байлаа. Тиймээс анх их сургууль болж, нэрээ өөрчлөх үед оюутнууд янз янзын л байр суурьтай байсан санагддаг. Манай анги бол сэтгүүлч мэргэжлээр боловсон хүчин бэлтгэж эхлээд хоёр дахь төгсөлт нь байсан. Бас биднийг төгсөх жил манай сургуульд анх сэтгүүл зүйн тэнхим байгуулагдаж байсан. Тэгэхээр аливаа зүйлийн анхдагч, байж “шан татна” гэдэг амаргүй. Манай ангийнхан, бидний үеийнхэн бол ХИС-ийн сэтгүүл зүйн тэнхим үүсгэн байгуулагдах үеийн түүхийг хамт бичилцсэн хүмүүс гэж боддог. Анхны бүхэн амаргүй, шат даваа, нугачааг давж боловсордог учраас бид ч дагаж хөгжиж бойжиж байсан болов уу. Бидэнд эхэндээ бичгийн машины хичээл гэж ордог байлаа. Бичгийн машин ч байхгүй, үсгийн байрлал бүхий цаасан дээр арван хуруугаа хөдөлгөх дадал хийдэг хичээл л дээ. Манай ангийнхан үүнийг эсэргүүцэж энэ хичээлийг зогсоож, оронд нь өөр хичээл авч байсан. Үнэндээ тухайн үеийн Монголын радио, телевизийн сэтгүүлчид битүү бичгийн машин дээр ажиллаж, сонины газруудад офсет хэвлэл дөнгөж нэвтэрч байсан үе болохоор тийм хичээл хөтөлбөрт байх нь арга ч үгүй биз ээ. Би арван жилийн есдүгээр ангид байхдаа сэтгүүлч болно гээд шийдсэн, аравдугаар ангид байхдаа “Ардын эрх” сонины дэргэдэх “Шавь” сургалтыг төгсч, сэтгүүлчээр ажиллах үнэмлэх авчихсан байсан болохоор надад энэ мэргэжлээр суралцахад хэзээ ч хэцүү санагдаж байгаагүй ээ. Харин өдөр ирэх тусам мэргэжлийнхээ гоё сайхныг мэдэрч, шунан дурлаж байсан гэхэд болно. Ер нь ямар ч хүн өөрийнхөө хүссэн, чадна гэж зориглож мэдэрсэн мэргэжлээрээ суралцахад хэцүү санагддаггүй биз ээ.